Франц улсын иргэнээс авсан урьдчилсан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэн. Улмаар иргэд зах хүнс ихээр базааж зохиомол хомсдол, үнийн хөөргөдөл үүсгэж байгаа аж.
Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ тодруулахад “Өнөөдрийн байдлаар иргэдээс 11 гомдол ирсэн. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, маск, ариутгагч бодистой холбоотой мэдээлэл ирлээ. Өнөөдөр манай агентлагийн даргын шийдвэрээр дөрвөн зах, худалдааны төвд шалгалт хийж байна. Анхааруулж хэлэхэд, аж ахуй нэгжүүд хиймэл хомсдол үүсгэх, хэрэглэгчдэд дарамт учруулахгүй байх хэрэгтэй. Иргэд тайван байж, төр засгийн шийдвэрийг дагаж, хэрэглээгээ зохицуулах нь чухал.
Өргөн хэрэглээний бараа болон махны нөөц хангалттай байгаа талаар Ч.Улаан сайд мэдэгдсэн. Тэгэхээр бизнесийн байгууллага ийм онцгой нөхцөл байдал гарчхаад байхад зүй бусаар үнэ нэмдэг асуудал байж болохгүй. ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавьдаг.
Янз бүрийн байдлаар үнэ нэмсэн байгууллага байвал аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, хариуцлага тооцуулна. Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулахаас гадна аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн 18001284 утсаар хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч байна. Энгийн утасны тарифаар үйчилдэг” гэлээ.