2019-10-21

Саран дээр хөл тавих сансрын нисгэгчдийн хувцсыг “NASA” танилцууллаа

Өчигдөр АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA ирээдүйд саран дээр буух сансрын нисэгчийнхээ шинэ өмсгөлийг танилцуулжээ.

Америкчууд 2024 онд дэлхийн дагуул дээр дахин газардах амлалтыг засгийн газартаа өгөөд байгаа. xEMU нэртэй шинэ өмсгөл нь одоо тойрог замд ашиглаж байгаа сансрын нисэгчдийн өмсгөлийн ерөнхий загвар дээр тулгуурласан бөгөөд олон тооны сайжруулалтыг нэмжээ.

Одоогийн тойрог замд ажиллаж байгаа нисэгчдийн өмсгөл сансрын өөр биет дээр алхах зориулалтгүй, зөвхөн хөлгийнхөө гадна талд ажиллахад зориулагдсан байдаг. Тиймээс уян хатан чанаргүй байдаг ажээ.

Үүнээс гадна xEMU нь эрэгтэй, эмэгтэй хүний биеийн бүх хэмжээнд таарах дизайнтайгаар бүтээгдсэн байна. Одоогийн өмсгөл нь цөөн хэдхэн хэмжээний хувилбартай байдаг.

Өнгөрсөн гуравдугаар сард NASA дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг задгай сансарт ажиллуулах гэж байснаа чадаагүй. Учир нь эмэгтэй сансрын нисэгчдэд таарах өмсгөл хангалттай байгаагүйгээс болжээ.
Мөн xEMU өмсгөлийг бүтээхдээ саран дээр анх хөл тавьсан Аполло багийнханд тулгарч байсан бэрхшээл, туршлагыг судалсан байна. Тухайлбал Аполло багийнхныг анх саран дээр алхахад сарны наалдамхай тоос маш их саад болж байжээ. Тиймээс xEMU өмсгөлийг бүтээхдээ ямар ч цахилгаан товчгүй, ил кабель холбоосгүй, гол хэсгүүдийг битүү лацтайгаар хийсэн байна.

Мөн Цельсийн -156 хэмээс +120 хэм хүртэл халуун, хүйтнийг даах материалаар бүтээжээ.

xEMU өмсгөлийг нэмж сайжруулаад 2021 онд эцсийн хувилбарыг гаргахаар болсон байна. Үүний дараа сарны хиймэл орчин нөхцөлд өмсгөж турших ажил эхлэх ажээ.

Үүнээс гадна NASA хоёр жилийн дараа шинэ өмсгөлөө Олон Улсын Сансрын Станц руу илгээж, задгай сансарт ажиллах нисэгчдэд хэрэглүүлж эхлэх гэнэ.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа саранд буух ажлыг түргэсгэхийн тулд ирэх онд $1.6 тэрбумын нэмэлт санхүүжилтийг NASA-д хуваарилахаар төлөвлөсөн юм. Трампын саналыг Конгресс хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах ажээ.

 

Эх сурвалж: The Verge

TAGS: