Манай улс дэлхийд томоохонд тооцогдох эрчим хүчний өөрийн эх үүсвэрийн хуримтлууртай болно. Тодруулбал, 125МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий том хэмжээний цахилгаан цэнэгт хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж ашиглалтад оруулах юм.
Энэ талаар Монгол Улсын Засгийн газар АХБ-ны хооронд байгуулж буй гэрээнд өчигдөр АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа.
Гэрээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Өнөөдөр эрчим хүчний салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Дэлхийд томд тооцогдох цахилгаан цэнэгт хуримтлуурыг Монгол Улсад барих санхүүжилтийг шийдэж байна. Манай улсад өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчний оройн оргил ачааллын цагаар ОХУ-аас эрчим хүч импортолж, зохицуулдаг.
~Монгол улс дэлхийд томоохонд тооцогдох эрчим хүчний өөрийн эх үүсвэрийн хуримтлууртай болно~
Одоо эрчим хүчний хуримтлуур ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчээ дотоодоосоо хангах давуу талтай болно. Зөвхөн өвлийн их оргил ачааллын үед гаднаас импортлоно гэсэн үг. Мөн дэлхий нийтийн жишгийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж нэмэгдэж байна. Нар жаргахаар эрчим хүчний дутагдалд ордог байсан бол хуримтлуур ашиглалтад орсноор нөхөх боломжтой болно” гээд дотооддоо эрчим хүчний хуримтлууртай болж буй бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэж өгсөн Засгийн газар, Сангийн яам, АХБ-д талархаж буйгаа илэрхийлллээ.
АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, “Дэлхийн хамгийн томд тооцогдох 125МВт-ын цахилгаан цэнэгт хуримтлуурыг Монгол Улсад барьж, ашиглалтад оруулахаар боллоо. Үүний үр дүнд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломж нэмэгдэж байна” гэлээ. Цахилгаан цэнэгт хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ашиглалтад оруулснаар:
-манай улс эрчим хүчний системийн тохируулга хийх,
-эрчим хүчний бие даасан байдал болон уян хатан байдлыг нэмэгдүүлэх,
-эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулж,
-эрчим хүчний алдагдлыг бууруулна,
-мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой,
-эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдоно.
-Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг бүрдүүлэх юм.