2020-03-05

ЭЕРЭГ: Коронавирусний халдвараас сэргийлэх хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

handiw
Коронавирусний халдвараас сэргийлэх хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

Шинэ коронавирусний халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна.

Өнөөдөр зарим байгууллагын хандив тусламжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян нар биечлэн хүлээн авлаа.

Эрчим хүчний яам түүний харъяа байгууллагууд 315 сая, Хаан банк 100 сая, Хас банк 60 сая, Баян Айраг Эксплорэйшн ХХК 40 сая, МУБИС-ын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалин болох 35 сая, Лекс Ойл ХХК 10 сая, 108 Ойл ХХК 10 сая, Алтанбулаг чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 1,2 сая, Замын-үүд чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 946.000, Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны ажилчид 370.000 төгрөг, Хэнтий аймгийн Норовлин сум, Увс аймгийн Малчин сумын иргэд малчид, нутгийн зөвлөлөөс тус тус 300, нийт 600 хонь хандивлалаа.

Дансанд төвлөрсөн бэлэн мөнгөний зарцуулалтыг хэрэгцээт бараа материал худалдан авах зэрэгт зарцуулах юм. Харин малчид, орон нутггийнхнаас хандивлаж буй хонь малыг хэрхэн тээвэрлэх, боловсруулж, тусгаарлагдсан иргэдийн хүнсэнд зарцуулах эсэх зэргийг судалж, оновчтой, хүртээмжтэй шийдвэр гарган зохицуулж ажиллахыг ОБЕГ-ын удирдлагад УОК-ын дарга үүрэг болголоо. Одоогийн байдлаар 800 хонь хандивт цуглажээ.

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аасТөрийн банк: 1000900031405дугаарын хандивын дансыг нээснээс хойш нийт 187 иргэн, аж ахуй нэгж, байгуулагаас нийт 834 сая төгрөгийн бэлэн мөнгийг дансанд хуримтлуулж, 10 нэр төрлийн 135 сая төгрөгийн өртөг бүхий хэрэгцээт бараа бүтээгдэхүүн хандивт цуглажээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ