Өөрийн хүч хөдөлмөрөөр амжилтын өндөрлөгт хүрсэн эмэгтэйн өмнөх дүр төрх олон нийтэд ихэд сонин байдаг. Монголын бодибилдингийн спортын эмэгтэй тамирчид дундаас олонд хамгийн их танигдсан нэгэн бол МУГТ Г.Угалзцэцэг.
Түүнийг шүүмжлэх нэгэн байдаг ч тэсвэр тэвчээр, дайчин чанар, хувь хүний үзэл бодлыг нь хүндэтгэн сайшаагчид түүнээс ч олон бий.
Харин тэрбээр хүмүүст эерэг нөлөө үзүүлж, эрүүл чийрэг байхын гайхамшгийг харуулж яваа нэгэн.
МУГТ Г.Угалзцэцэг
“Жаахан байхаас маань л хүмүүс намайг хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн бас царай муутай, бүдүүн, бүрэг гэдэг байлаа. Одоо намайг яг л ҮНСГЭЛЖИН шиг болжээ гэдэг. Би үнсгэлжин шиг хэн нэгэн ирж аврахыг бас хувь заяатайгаа эвлэрээд л байж байдаг, хэзээ нэг өдөр ид шид болно оо гэж боддог үлгэрт тийм ч дуртай биш. Би одоо ч материаллаг зүйлийг илүүд үздэггүй. Машин унадаггүй, брэнд хөөдөггүй, олон өрөө байранд амьдардаггүй. Гэхдээ зорилготой, тууштай, үнэнч, дайчин байхыг эрхэмлэдэг. Тиймдээ ч би өөрөө үлгэр шиг түүхийг бүтээхийг хүсдэг. Удмын тарган, удмын галбиргүй, удмын ядуу гэж байдаг уу? Залхуурч хэвтсэн, замбараагүй хооллосон чинь удмын удамд үрийн үрд үлдэх учраас таны хичээл зүтгэлээс л бүх зүйл шалтгаална. Үр хойчийнхоо судсаар гүйх цус, ясаар дамжих генийг хүчирхэг байлгахыг хүсвэл та л хичээх хэрэгтэй” хэмээсэн байна.
Баргийн зүйлд шүүмж хэлдэггүй тэрээр сайхан биеийн галбир, эрүүл амьдралын хэв маягыг хүн бүр эрхэмлээсэй гэсэн үүднээс ийнхүү хатуухан хэлээд авсан болов уу.