Монгол улсын хувьд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Автозамын хажуугаар явахдаа хүүхдээ тэвэрч явах
Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул өвлийн улирал болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.
Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.
Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх
Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна.
Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ.