Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дэргэд “Нойрны төв” байгуулж, нээлтээ хийлээ.
Сүүлийн жилүүдэд нойргүйдлээр өвчлөх иргэдийн нас залуужиж байгаа юм байна. Тиймээс нойрны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нойрны төвийг байгуулжээ. Тус төв нь нас харгалзахгүйгээр нойрны өвчнийг оношлон, тохирох эмчилгээг бичиж өгөх юм байна. Төрийн тусгай алба хаагч харьяаллын дагуу хэвтэн эмчлүүлэх боломжтой. Харин оношлогоонд хамрагдах иргэн эрүүл мэндийн даатгалаараа 165 мянган төгрөг хөнгөлүүлж, эмнэлгийн кассанд 25 мянган төгрөг тушаан үйлчлүүлэх боломжтой аж.
Нойрны төв нь долоо хоногт гурван хүн оношлох боломжтой бөгөөд иргэд үйлчлүүлэхдээ урьдчилан цаг авах шаардлагатай юм байна.
Энэ талаар ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр хэлэхдээ “Нойр бол эрүүл амьдрахын үндэс суурь. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг. Манай эмнэлэг дэх Нойрны төв нь нойрны өвчлөлийн бүх л төрлийг оношилж, эмчлэх бүрэн чадвартай. Тухайлбал, хурхирах, нойрон дундаа амьсгал тасалддаг эмгэгтэй хүмүүсийг тогтмол агаарын аппаратаар эмчлэх юм. Энэхүү Нойрны төв нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт байгуулагдсан ч жирийн иргэдэд үйлчилнэ. Алба хаагчдаас гадна нойрны эмгэгтэй бүх л хүмүүс ирж үйлчлүүлэх боломжтой. ” гэв.
Нойрны эмгэг шинжүүд:
- Хурхирах
- Унтаж чадахгүй хөрвөөх
- Өдрийн турш нойрмоглох
- Өглөөд толгой өвдөж сэрэх
- Хөл үргэлж өвдөн, татганах