2019-06-14

Дархан-Зүүнхарааг холбосон хатуу хучилттай замын ажил зургаадугаар сарын 6-наас эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байсан зүйл бол Дархан-Зүүнхарааг холбосон хатуу хучилттай зам барих ажил юм. Уг 40 шахам км замд өмнө нь тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Бороо гоулд” ХХК-ийн дэмжлэгтэйгээр сайжруулсан шороон зам барьсан ч өнөөдөр тус зам дэржигнүүр ихтэй, байнгын эвдрэл гарах болжээ.

Иймд тус сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад удаа дараа санал хүргүүлснээр тус замыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг энэ 2019 онд хийхээр болж улсын төсөвт хөрөнгийн асуудлыг тусгуулж чадсан юм.

Энэ асуудалтай холбогдуулан манай телевизийн сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үеэрээ тус сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбаттай уулзаж, сумын хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат

“Мандал сумын ИТХ, Засаг дарга нар ажлаа аваад гурав дахь жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд улс, аймгаас гаргасан хөтөлбөр, үүрэг чиглэлийн дагуу, мөн 2016 оноос хойш Мандал сумын Засаг дарга “Хүнээ дэмжин, үйлдвэрлэлээ хөгжүүлье. Хамтын хүчээр сумаа хөгжүүлье” гэсэн уриаг дэмжин ажиллаж ирлээ.

Эхний ээлжинд иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах хүрээнд онцгойлон анхаарч сумын нэгдсэн эмнэлэгтэй боллоо. Томографийн аппарат, хүчилтөрөгчийн цогц систем, бусад тоног төхөөрөмжөөр хангалаа.

Мөн “Ахмадын өргөө” сувиллыг байгуулж ашиглалтад орууллаа.

Өсвөр насны багачуудад онцгой анхаарч ажиллалаа. Мандал сум 8 цэцэрлэг, 8 сургуультай бөгөөд цэцэрлэгт 2000, сургуульд 5000 гаруй хүүхэд суралцаж байгаа. Тэдэндээ зориулж тоглоомын талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллалаа.

Манай сумын иргэдийн хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол хатуу хучилттай авто зам. Манай тойргоос сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат сайн хөөцөлдөж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлүүлж чадлаа. Бид урьдчилаад замынхаа зураг төсвийг гаргасан байсан учраас энэ жил уг замын хөрөнгийн тодорхой хувийг суулгуулж чадсан. Сая зургаадугаар сарын 06-ны өдөр Дархан-Сэлэнгийн замаас Зүүнхараа руу салдаг замын ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар техникээ татаад ажиллаж эхэлсэн.

Өнгөрсөн жил сум доторх хатуу хучилттай автозамыг сайжруулах хүрээнд 6,2 км зам тавьсан. Энэ жил улсын төсөвт суусан хөрөнгөөр төвийн урд хэсэгт хатуу хучилттай зам тавихаар болсон. Гэтэл тендер зарлагдаад тодорхой шалгуур хангасан компани ороогүй гэдэг үндэслэлээр хойшлогдсон. Одоо зургаадугаар сарын 17-нд дараагийн тендер задрах гэж байх шиг байна.

Ер нь бүтээн байгуулалтын ид ажлын үед чөдөр тушаа болж байгаа зүйл бол энэ тендер болоод байна” гэлээ.

Эх сурвалж: livetv.mn

TAGS: