Монголын анхны мэргэжлийн хөл бөмбөгчин хэмээн түүнийг тодотговол зохих биз ээ. Тэрээр хөл бөмбөгөөр уйгагүй хичээллэж, цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө илүү хөгжүүлсээр иржээ. Энэ эрхэм бол Монголын анхны мэргэжлийн тамирчин Алтанхуягийн Мөрөн юм.

А.Мөрөн Тайландын “Краби FC” болон “Сатун Юнайтед”, мөн Сербийн “Мачва Шабац” багт тоглож явсан анхны мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчнаар зогсохгүй эл спортоороо дэлхийн тавцанд хөл тавьсан ганц тамирчин юм. “Гоо танил” буланд А.Мөрөнг онцоллоо. 

Хөлбөмбөг надад үргэлж аз жаргал авчирсан

Тэрээр бага насандаа бусдын л адил бөмбөг өшиглөн тоглох дуртай байжээ. Гэр нь Дамбадаржаа руу нүүснээр түүний хөлбөмбөгт дурлах гол шалтгаан болжээ. Учир нь, хөл бөмбөгийн лигийн багууд болон шигшээ багийн бэлтгэл энд хийгддэг байснаас гадна үүнийг дэргэдээс нь үргэлж үзсээр А.Мөрөн эргэж буцалтгүй уг спортоор хичээллэж, хөл бөмбөгийн тамирчин болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон гэдэг. Ингэж дэлхийг нэгтгэж, нэгэн хүсэл зорилготой болгодог хөл бөмбөгийн спортоор хичээллэхээр шийдэж, өдгөө 10 жил тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгожээ.

Спорт нь хүний амьдралыг чангатгадаг…

Хөл бөмбөг тоглох нь А.Мөрөнгийн хувьд хамгийн том жаргал. Талбай дээрээ гараад л бүх санаа зовоосон асуудал, стресс бухимдлаа мартаж, эрч хүчээр цэнэглэгдэж чаддаг байна. Энэхүү спортоор өөрийгөө хөгжүүлж эхэлснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, биеийн болоод сэтгэлийн хаттай, зоригтой, аливаад амархан нугарчихгүй тэсвэр хатуужилтай болсон гэлээ.

moron-holbombog
Монголын анхны мэргэжлийн тамирчин Алтанхуягийн Мөрөн

Харин бие организмын хувьд маш их гүйх дасгал хийдэг учраас уушги тэлж, амьсгаа задрахаас эхлээд гуя, шилбэ, өгзөг зэргүүдийг булчин чангарч, байнгын хөдөлгөөнтэй байдал нь эрүүл чийрэг байх үндэс болдог гэлээ. А.Мөрөн анх хөл бөмбөгөөр хичээллэж эхлэх үедээ өдөрт дунджаар 6-7 км газар гүйдэг байсан бол одоо байнгын дасгал хөдөлгөөнтэй байдаг болохоор үүнээс ч илүү газар гүйдэг болжээ.

~Тамирчин хүнд хамгийн чухал нь ЗӨВ ХООЛОЛТ…~

Хөл бөмбөгийн спортод амжилт гаргахын тулд идэж буй хоол хүнс болон амралт маш чухал гэлээ. Хөнгөн шингэн байдлаа алдахгүйн тулд хэт их өөх тостой, илчлэг ихтэй хүнд, таргалуулах хоолноос аль болох татгалзах хэрэгтэй байдаг байна. Хурд, хөнгөн шингэн байж, биедээ түүртэлгүй гүйж, мэргэжлийн техникүүдийн гүйцэтгэл сайн байж чадна гэсэн бичигдээгүй дүрэм бий. Тоглолтод орохын 4 цагийн өмнө хооллодог бөгөөд ингэхдээ банана, сендвич, шоколад зэрэг хөнгөн хооллон биеэ бэлддэг ажээ. Мөн сайн унтаж амарч биеэ бэлдэх нь маш чухал. Ямар ч спортын хувьд амраагүй, ядарсан бие хэзээ ч амжилт гаргаж чадахгүйтэй адил.

А.Мөрөнгийн ЗӨВЛӨМЖ

А. Мөрөн “Хөл бөмбөг сонирхож, үүгээр хичээллэх хүсэлтэй хүүхэд багачууд болон залуус олон болжээ. Үнэхээр энэ спортыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож, амжилт гаргахыг хүсч байгаа бол тасралтгүй, уйгагүй бэлтгэл сургуулилтаа сайн хийх явдал. Мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, түүний зааварчилгаагаар техникүүд дээрээ сайн ажиллаж сурах хэрэгтэй.

Ганцаараа зүтгээд байвал амжилт хэзээ ч ирэхгүй. Энэ бол багийн спорт шүү дээ. Үүнээс гадна, хөл бөмбөг дэлхий нийтийн спорт учраас олон улсын томоохон багт орж тоглохын тулд англи хэл хамгийн их хэрэгтэй. Тиймээс бэлтгэл сургуулилтаас гадна хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг залуустаа зөвлөж байна” хэмээв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу