Гар аргаар сур боловсруулж, эр хүний чимэг эмээлт хүлгийн гангараа болсон морины эд хэрэглэлийн урлан нь, зорин ирсэн хэн бүхний нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгана. Гар урлаач Г.Баасанхорол гуайн гэр бүлийг онцолж байна.

Эртнээс нааш эдлэл хэрэглэлээ өөрсдөө урлаж ирсэн монгол ахуй, өв уламжлалтай ойрхон гарын ур дүйтэй гэр бүлээс орчин цагийн залуус үлгэр авах зүйл арвин биз ээ.  

Гэрий эзэн Алаг адуу овогт Г.Баасанхорол Ховд аймгийн Дарви сумын уугуул. Сур боловсруулан, суран эдлэл хийх, сүлжих арга ухаан ахуйгаар өвөөгөөс аавд, ааваас хүүд уламжлагдаж ирсэн байдаг. Авга ах Ж.Рагчаа нь сураар их гоё юм хийдэг байсан бөгөөд хэрхэн, яаж гэдгийг нэг л удаа зааж өгдөг байж. Авга ах нь нарийн харамчаараа нутагтаа цуутай байсан ч амьдралын их ухаантай, зах зээлийн сэтгэлгээтэй хүн байсан гэдэг нь илүү үнэнд ойр юм. Хөдөөний айлууд ер морь малынхаа хэрэгслийг цэвэрхэн сайхан хэрэглэж, түүгээрээ гангардаг онцлогтой. Авга ахынхаа урласан бүтээлийнх нь хийх аргыг заалгаж гэхээр гуйлгаж, гуйлгаж нэг удаа л зааж өгнө.

Авга ах нь их л гоё өргөн даруулга олом хийчихсэн явж байхыг хараад тэрийг л хиймээр санагдах тул илүү ойртож харан, хэдээр сүлжсэнийг нь тоолох гэтэл “Яах гээд байгаа юм? чи харж байж” гэж аашилжээ. Тэр үед малаа гаргаж иддэггүй, сур ховор байсан цаг. Хом гэж эх сур байдаг ч хүүхэд гар хүрэх эрхгүй.

Тиймээс Баасанхорол хүүг борц аваад ир гэж явуулахад пинд нь шуудайтай тэмээний ноос байсныг ганзагалж аваад харьжээ. Хүү ноосоо хөвж, сэмлээд, түүдэг хийж, томоод урт нарийнхан дээс болгон сүлжих гэсэн боловч чадсангүй. Тэгэхээр нь хөлийнхөө ороолтны цагаан ямбууг цуулж, 8 хуваагаад эрчилж, сүлжжээ. Зургаагаар сүлжиж чадсан ч наймаар сүлжиж чадахгүй л байв. Уйгагүй оролдлогын дараа их амархан байсныг ойлгож.

Голынх нь хоёрыг зөрүүлж дараад, тал тал тийш нь дээгүүр доогуур нь дараад байтал болчхов. Ингээд авга ахынх шигээ сүлжсэн тэмээний тохоштой болгосон хэдий ч тэмээнд тохоход ялгарч өгөхгүй байсан болохоор хонины ноос томж давхарлан гоёжээ. Энэ тохшийг харсан хэн бүхэн залуу хүүгийн гарын ур дүйг ихэд тоон магтах аж. Ингэж л Баасанхорол гуай уйгагүй оролдлогоор олон төрлийн сүлжээс бүхий суран эдлэл хэрэглэл хийж сурсан гэдэг.

Гэр бүлийн хоёр хорь ч хүрээгүй хонгорхон насандаа ханилан суужээ. Нэг нутгийн нэг багийн хоёр юм. Ямаа самнах их ажлын үеэр нүд унагаж явсан бүсгүйнхээ гэрт очиж тусална.

Өдөрт самнахаар авч үлдсэн 20 гаруй ямааг дор нь самначхаад л, хайртай бүсгүйдээ тусална. 2, 3 очиж ямааг нь самнаж өгөн тал засаж, орж гардаг ч болж. Ингээд гал голомтоо бадраан, 7 сайхан хүүхдийн ижий, аав бололцжээ. Өдгөө 43 жил жаргал, зовлонгоо нэгтгэн амьдарч байгаа юм.

Баасанхорол гуай айлын өргөмөл хүүхэд. Эрх дураараа өссөн ч ажилд дүйтэй, адуу малтай ноцолдож, хөдөлмөрөөр хүмүүжжээ. 1960-аад онд Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын дунд одоогийнхоор бол “Адуучин” нэвтрүүлэг шиг эмнэг адуу сургах тэмцээн явагддаг байж.

Баасанхорол гуай 25 эмнэг адуу сургаж “Сургалтын рекорд” гэсэн хүрэн хавтастай батламж авч байснаа ч харуулсан юм. Тухайн үед жилд 14 адуу сургаж, өөрийн уналга эдэлгээнд хэрэглэх бүрэн эрхтэй болохоос гадна нэгийг нь үнэгүй авдаг байжээ.

Малын тоо толгой өсчихсөн байсан тухайн цаг үед залуус нэгдлийн малаас зугтааж, төв газар бараадах нь их байсан тул нэг талаар залуучуудаа алдахгүй гэж ийм болзолт урамшуулал зарлаж байсан юм гэдэг. Нөгөө талаар нэгдлийн адууг номхруулж, эдэлгээнд оруулах уран арга болж байв. Ийнхүү Баасанхорол гуай эмнэг адуу, тэмээнд аатай явсан залуу насныхаа дурсамжаас хуваалцсан юм.

Хүүхдүүдээ багад хоосон хонуулахгүй гэж ажил гололгүй хийж, нутаг бууриа ч сэлгэн, амьдрахын эрхээр бүх л төрлийн ажлыг хийж, юу эсийг үзсэнээ ч ярьсан юм. Нэг хэсэг сур хийлгүй өнжсөн ч 3 жилийн өмнөөс сур хиймээр санагдаад болж өгөхгүй болохоор нь үхрийн шир авч боловсруулан, суран эдлэл хэрэглэл хийгээд зах гартал хүмүүс шуураад л авчихсан гэдэг. Ингэж л эртнээс нааш уламжлан ирсэн сур эдлэлээ эргэн хийж эхэлсэн бөгөөд монголчууддаа хэрэгтэй энэ ажлаа өнөөдрийг хүртэл тасралтгүй хийжээ.

Сураар элдвийг хийдэггүй байсан бол би ч хэцүүдэх байсан болов уу? Хоёр, гурван өдөр амрахаар л хууч хөдлөөд л өвчин ээрэх гээд байна” хэмээн хэлсэн юм.

Гэргий Ц.Цэгмид 5 охин, 3 хүүтэй айлын охин. Эзэгтэй ишиг хурганы арьсаар дээл, хувцас урладаг уран гартай нэгэн. Хань нь арьсыг нь ганд дэвтээж, илдэж бэлдэж өгнө.

Гэр бүлийн хоёр хэлэхдээ,

Үр хүүхэд, өөрсдөө эрүүл саруул, хүүхдүүдээ зовоохгүй, хийсэн юмандаа эзэн болоод л явж байвал бид хоёрын амьдралын үнэ цэнэ энэ шүү дээ. Төрд ажилладаг нь төрдөө тустай, хувиараа ажил эрхэлдэг нь хувьдаа зөв ажиллаж хөдөлмөрлөөд явж байвал болох нь тэр” хэмээсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу