Тулааны урлагийн өвөрмөц төрөл Күнг-Фүг бид Хятад киноноос л харж, тийм ойлголттой байснаас биш, хүний амьдралд чухам ямар хэрэгцээтэй талаар мэдээлэл хомс. Күнг-Фү хэмээх урлаг нь дасгал хөдөлгөөнөөр дамжуулан сэтгэл зүйн болоод бие эрхтэнд олон эерэг зүйлсийг суулгадаг аж.
Яагаад Хятадууд Күнг-Фүгээр олон мянган жилийн тэртээгээс өдийг хүртэл хичээллэж, амьдралынхаа хэв маяг болгосон юм бол. Учиртай л байгаа.
Тэгвэл энэ удаагийн “Гоо танил” буландаа Күнг-Фүгээр багшлах эрхтэй анхны Монгол эмэгтэй Лили Наритаг онцолж байна. Та бидний сайн мэдэхгүй ертөнцийн тухай, бие болоод оюун санааны төвшин дэх өөрчлөлт болоод Лилигийн гоо сайхны ертөнцтэй танилцан, тодорхой хэмжээний ойлголт авч болно.
Нэр: Лили Нарита /Lili Narita/
Эрхэлдэг ажил: Күнг-Фүгээр багшлах эрх авсан анхны Монгол эмэгтэй
Сошиал хуудсууд: Фэйсбүүк
Күнг-Фү бол Лилигийн амьдралын хэмнэл…
Лили Нарита гэх нэрийг сонсоод та гайхаж байна уу. Тэрээр өөрийн хойд ааваар ийн нэрийдэн овоглосон аж. Багадаа спортын бусад төрлөөр хичээллэж байсан ч ингэтлээ их амтанд нь орж, амьдралынхаа нэг хэсэг болтол нь дурлаж байгаагүй аж. 10 жилээ төгсөөд БНХАУ-д 6 жил суралцахдаа анх Күнг-Фүгээр хичээллэж эхэлжээ.
Эл тулааны урлагийн цаад мөн чанар, учир ухагдахууны талаар ямар ч ойлголтгүй байсан оюутан ангийнхнаа дууриан хичээллэсээр нэг л мэдэхэд 5, 6 жил тасралтгүй хичээллэж, амьдралынхаа нэгэн хэмнэл болгожээ. Хэдий орой хичээллэж эхэлсэн ч шаргуу сурч, түүнтэй хамт Күнг-Фүгээр хичээллэж эхэлсэн оюутнууд явцын дунд шантарч, Лили ганцаараа тунан үлджээ.
Энэ нь Күнг-Фү бол тэсвэр хатуужлын урлаг юм байна гэдгийг харуулж буй. 2013 онд эх орондоо ирээд анх асрамжийн төвийн хүүхдүүдэд күнгфү зааж эхэлсэн байна. Улмаар өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцахаар Lilin FungFu нэртэй сургалтын төвөө нээсэн аж.
Күнг-Фү одоо монголд өөрийгөө танилцуулах төвшинд байгаа…
Күнг-Фүгээр хичээллэснээр бие чангарч, күнг-фүгийн ихэнх дасгалыг хагас суугаа байдалтай хийдэг болохоор нуруу, гуя зэрэг хэсгүүдэд бяр суугаад эхэлдэг байна. Күнг-Фү бол хүнийг бие бялдрын гэхээсээ оюун санааны хувьд илүү хөгжүүлж, сэтгэлийн хат тэнхээ суулгадаг аж. Сул талыг нь нөхөж, зоригжуулж өгдөг энэ хандлага хүүхдүүдэд маш ихээр ажиглагддаг гэдгийг Лили өөрийн ажиглалтаасаа дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд күнг-фүгээр хичээллэж эхэлснээр айдсаа давж, чадахгүй гэсэн итгэлгүй байдлаа засч, би бүхнийг чадна гэсэн итгэлийг эндээс олж авдаг аж.
Лили күнг-фүгээр хичээллэсний дараа хүний амьдрал идэж уух, өмсөж зүүхэд оршдоггүй юм байна гэдгийг ойлгож мэдэрчээ. Өөрөөр хэлбэл, оюун санааны хувьд маш их өөрчлөлт гарчээ.
Лили “Күнг-Фү бол амьдралын стиль. Иог, балет, сагсан бөмбөг зэрэг спортын төрлүүдээс энэ бол тэс өөр зүйл. Өглөө бүр босоод күнг-фүгийн дасгалаар дамжуулан сунгалтаа хийн бие организмаа, оюун санаанд бясалгал болж тархиа сэргээгээд бүх зүйлд өөрийгөө бэлдээд гэрээсээ гарахад л хангалттай. Үүнийг л амьдралын стиль, хэв маяг, хэмнэл гэж хэлээд байгаа юм. Үүнээс хүн маш их эрч хүч, эерэг энергийг өөртөө хуримтлуулж чаддаг. Маш энгийн” хэмээн хэлсэн юм.
~Күнг-Фүгээр хичээллэн зөв амьсгалж, эд эсээ сэргээгээд эхлэхэд хүн дотроосоо гэрэлтэж, эрүүл байгаагаа мэдэрдэг~
Күнг-Фүгийн гол утга учир нь амьсгалын дасгалыг сунгалттай хослуулж хийдэгт оршдог. Бусад спортод хийдэг сунгалтын дасгалуудыг бодвол Күнг-Фүгийнх биеийн булчин шөрмөсийг эд эс бүрээр нь сэргээдэг. Тиймээс Лилигийн хувьд гоо сайханд орох, арьсандаа элдэв янзын бүтээгдэхүүн хэрэглэх ямар ч шаардлага гардаггүй гэнэ. Арьсны ямар нэгэн асуудал үүсэлгүй цаанаасаа гэрэлтэж, бие хөнгөн шингэн болдог гэдгийг өөрийн биеэр мэдэрчээ.
Хайрч хуурсан, өөх тостой л биш бол хоолоо хориод байдаггүй, хүссэнээрээ иддэг Лилигийн жингээ барьдаг нууц нь мөн л Күнг-Фүтэй нь салшгүй холбоотой гэнэ.
Б.Хонгорсайхан