2019-05-02

Жулиан Ассанжид 50 долоо хоног хоригдох ял оноожээ

Викиликс сайтын үндэслэгч Жулиан Ассанжийг Их Британийн шүүхээс 2012 батлан даалтаар суллагдсаныхаа дараа зугтсан хэрэгт 50 долоо хоногийн хорих ялыг өчигдөр буюу Лхагва гарагт оноолоо.

Тэрээр шүүхээс уучлал хүссэн боловч шүүгч түүнийг өөрийн байр суурийг ашиглан Их Британийн хуулийг басамжилсан хэмээн буруутгасан юм.

Энэ пүрэв гарагт түүнийг АНУ-ын Засгийн газрын мэдээлэлд нэвтрэх нууц үг хакердсан хэрэгт АНУ-ын талаас байцааж эхлэх юм. Эрх зүйн шинжээчид энэ хэргийг олон жил үргэлжлэх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Швед улс Жулиан Ассанжийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүдэд буруутган 2012 онд өөрийн улсад шилжүүлж авах хүсэлтээ илэрхийлсний дараа тэрээр Лондон дахь Экуадорийн ЭСЯ-нд орогнохоор зугтсан юм.

Австрали улсын иргэн тэрээр батлан даалтынхаа хугацаанд ноцтой зөрчил гаргасан хэрэгтээ Их Британийн энэ хэрэгт оноодог хамгийн том шийтгэл буюу нэг жил хүртэлх хорих ялаар ийнхүү шийтгүүлжээ.

Уг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Марк Саммерс хэлэхдээ, Ассанж тэр үед Швед рүү шилжигдэхээс айсан байсан, учир нь Швед улс түүнийг хурдан хугацаанд АНУ-руу, бүр цаашлаад Гуантанамогийн арал руу засгийн газруудын нууц материалуудыг задруулсан хэргээр шилжүүлчихнэ гэж бодсон учраас маш их айсан учраас батлан даалтаар суллагдах үедээ зугтсан хэмээн тайлбарласан байна.

Үүний дараа тэрээр Ассанжийн гараар бичсэн захидлыг чангаар уншсан бөгөөд уг захидалд: “Би ЭСЯ-ны байранд орогносондоо ил тод хүлцэл өчиж байна. Би тэр үед аймшигтай заналхийлэлтэй тэмцэж байсан. Магадгүй цорын ганц хийж чадах зүйл минь байсан учраас хамгийн зөв гэж бодсоноо хийсэн” гэж бичсэн байжээ.

Үүний хариуд Шүүгч Дебора Тейлор түүнийг Экуадорын ЭСЯ өөрсдөө шийдвэр гаргахаас өмнө хэзээ ч хамаагүй ЭСЯ-ны байрыг орхин хэргээ хүлээж болох байсан гэжээ. Мөн тэрээр Их Британийн цагдаагийн байгууллага тус ЭСЯ-ны хамгаалалт, ажиглалтад зориулж энэ хугацаанд 21 сая доллар зарцуулсан гэдгийг онцолжээ.

 

Эх сурвалж: Washingtonpost.com

 

TAGS: