ТАНИЛЦ: Хамгийн бүдүүлэг жуулчидтай орнуудыг ХЯТАД тэргүүлэв

     Их Британид төвтэй зах зээлийн судалгаа, дата анализ хийдэг “YouGov” байгууллагаас аялал жуулчлал хамгийн сайн хөгжсөн 26 орны иргэдийн дунд санал асуулга явуулж, ямар орноос ирсэн жуулчдад таагүй ханддаг болохыг нь дүгнэжээ.

Уг судалгаанд нийтлэг анзаарагдсан зүйл гэвэл олуулаа зорчдог, аль болох хямд үйлчилгээг сонгодог жуулчдад нутгийн иргэд дургүй байдаг нь харагдсан байна. Ингээд та бүхэнд тус судалгааны үр дүнг танилцуулъя.

Хятадууд
Хамгийн бүдүүлэг жуулчидтай орнуудын жагсаалтыг Хятад улс хол тасархай саналын тоогоор тэргүүлжээ. Бөөнөөрөө хамт явж дуу чимээ их гаргадаг, түүх соёлын дурсгалд өөриймсөг бус хандаж, тэр ч байтугай эвдэлж сүйтгэж, хаа сайгүй тамхи татаж, хүүхдээ дуртай газраа бие засуулдаг зэрэг тоочоод байвал барагдахааргүй бүдүүлэг үйлдлүүдийг нутгийн иргэд онцолсон байна. Судалгаанд оролцсон Сингапурын иргэдийн дөрөвний гурав нь, Тайланд, Малайз, Вьетнамчуудын 40 хувь нь Хятадуудыг нутагтаа ирүүлмээргүй байдаг хэмээн хариулсан аж. Мөн Австрали болон Европын орнуудаас судалгаанд оролцогсдын дөрөвний нэг нь Хятадуудыг хамгийн муу жуулчдаар нэрлэжээ. 2018 онд л гэхэд нийт 150 сая Хятад жуулчин хилийн дээс алхсан, тэдний ихэнх хувь нь очсон орондоо мөнгийг харамгүй зарцуулдаг тул тухайн орны эрх баригчид Хятадуудыг дуртайяа хүлээж авах нь ойлгомжтой ч иргэдийн хувьд эсрэг байр суурьтай байгаа нь судалгаанаас харагджээ.

Оросууд
Цөөн тоогоор ирдэг ч асар их төвөг учруулдаг гэдгээрээ Оросын жуулчид энэ жагсаалтад багтжээ. Хэт хээгүй зантай, эелдэг бус харьцаатай, архи ихээр уудаг, нутгийн иргэдийг хүндэлдэггүй гэх мэт тогтсон хандлага бий.
Герман, Данийн иргэдийн гуравны нэг нь Оросуудыг хамгийн муу жуулчид үзсэн бол Скандинавчуудын дөрөвний нэг нь ижил үзэл бодолтой байжээ. Харин Египет болон Ойрх Дорнодын орнуудад Орос жуулчдад тийм ч таагүй ханддаггүй нь харагджээ.

Британичууд
Европын иргэд, ялангуяа Германчууд Британи жуулчдад туйлын дургүй ханддаг нь уг санал асуулгаас харагдаж байна. Наранд түлэгдсэн биетэй, халзан толгойтой, шивээстэй, согтуу, агсам, загасны мах үнэртүүлсэн эр явж байвал тэр Англиас ирсэн гэдэг нь ойлгомжтой тул Испанид тэднийг “хавчнууд” гэж хочилдог аж. Сонирхолтой нь дайсагналын арвин түүхтэй Францад эсрэгээрээ Британичуудыг найрсгаар хүлээж авдаг байна.
Мөн тэд өөрсдийгөө муу жуулчид гэдэгтэй санал нийлдэг болох нь харагджээ. “YouGov”-ын судалгаанд оролцсон Британи иргэдийн 60 хувь нь Британичууд хамгийн бүдүүлэг гэж үзсэний зэрэгцээ нутагтаа ч гэсэн дотоодын жуулчдад хамгийн дургүй болохоо илэрхийлжээ.

Америкчууд
Чанга дуутай, хүүхэд шиг хувцасладаг, хаана ч явсан үндсэрхэг үзлээ алддаггүй гэх мэт үйлдлүүд нь тэднийг энэ жагсаалтад оруулжээ. Түүнчлэн гадаа суугаад түргэн хоол иддэг, идэж байхдаа ярьдаг, оймсон дээр сандал өмсдөг гэх мэт хөгжилтэй жишээнүүд гоо зүй, эрхэмсэг байдлыг нэн тэргүүнд тавьдаг Европчуудын тэвчээрийг бардаг бололтой.
Гэхдээ Америк жуулчид энэ жагсаалтад орсон бусад орны жуулчдыг бодвол найрсаг, соёлтой, бүгдэд хүндэтгэлтэй ханддаг, үйлчлүүлсэн л бол заавал цайны мөнгө өгдөг гэдгээрээ онцлог.

Энэтхэгчүүд
Ихэнх энэтхэг жуулчид гайхалтай нөхөрсөг, яриа хөөрөөтэй, хүн болгонтой танилцахыг хүсдэг нь сайшаалтай ч заримдаа энэ зан нь хэтрээд төвөг учруулах гээд байдгийг санал асуулгад оролцсон хүмүүс онцолжээ. Мөн ариун цэврийн хувьд асуудалтай, эрчүүд нь дэндүү сээтгэнүүр, хувийн орон зайд ичгүүргүй халддаг гэх мэт сул талуудыг дурдсан байна.

TAGS: