Филиппинд газар хөдөлж, гурван хүн амиа алджээ!

1028
gazar-hodlolt
Филиппинд газар хөдөлж, гурван хүн амиа алджээ!

Филиппинд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, аврах ажиллагаа үргэлжилж байна. Ням гарагт Филиппиний өмнөд бүсийн Миндано арал дээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь өнгөрөгч 10 дугаар сараас хойших 5 дахь тохиолдол болоод байна. Энэ үеэр байшин барилгууд нурж, гурван хүн нас баржээ.

Арлын өмнөд хэсгийн Падада тосгонд худалдааны төвийн гурван давхар барилгын нурангид таван хүн дарагдсан гэсэн мэдээ байна. Аврагчид тэднийг гаргаж авахаар ажиллаж эхэлсэн ч “Амьд хүн байгаа гэх найдлага бага байна” гэж ярьсан байна.

Хүчтэй газар хөдлөх үеэр зургаан настай охин гэрийнхээ хананд даруулж нас барснаас гадна газар хөдлөлтийн дараах чичиргээнээр үрэгдсэн хоёр эмэгтэйн цогцсыг олж илрүүлсэн байна. Мөн 31 хүн бэртгэж, гэмтсэн гэж албаны хүн мэдээлжээ.

Даваа гарагийн байдлаар дөрвөн тосгон, нэг хот эрчим хүчгүй болж, барилга байгууламжийн үзлэг шалгалт хийх үүднээс сургуулиудын хичээлийг зогсоосон байна.

Филиппиний бүлэг арал Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй бүс буюу хагарал дээр оршдог. Үүнийг Номхон далайн “Галын тойрог” гэж нэрлэдэг байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу