2019-11-13

ХЯТАД: Тархиндаа гэмтэл авснаас хойш, мөнхийн залуугаараа үлджээ

monhiin-zaluu-Hyatad-er
Сяньтао хотын Чжу Шэнкай нь өдгөө 34 настай боловч гадаад царай төрх нь яг л найман настай хүүхэд шиг харагдана

БНХАУ-д хүүхэд байхдаа тэрээр тархины гэмтэл авснаас хойш зөвхөн бие нь өндрөөшөө өсөх боловч царай зүс нь яг л хүүхэд үеийнхээрээ үлдсэн байна. Нэг талаасаа үргэлж мөнхийн залуухан, царайлаг байх гэдэг сайхан зүйл боловч яг үнэндээ тийм биш ажээ.

Мөнхийн залуу царайнд олон хэцүү зүйл байх ба энэ нь хэзээ ч засаршгүй зүйл болон үлджээ. Сяньтао хотын Чжу Шэнкай нь өдгөө 34 настай боловч гадаад царай төрх нь яг л найман настай хүүхэд шиг харагдана. Чухам ийм наснаасаа эхлэн тэрээр өсөж томорч, царай зүсний хувьд өөрчлөгдөхөө больсон бөгөөд насан туршдаа хүүхэд царайтай үлдсэн байна.

Тодруубал, тэрээр бага байхдаа хүүхдүүдтэй тоглож байгаад хэн нэг нь санаандгүй байдлаар түүний толгойг чулуугаар цохижээ. Цус гараагүй боловч хүү гурван хоногийн турш халуурсан байна. Сандарч тэвдсэн эцэг эх нь хүүг эмнэлэгт аваачихад хүүгийн тархинд нөж хурсан байна гээд яаралтай мэс засал хийж нөжийг нь авсан байна.

~Тархиндаа гэмтэл авснаас хойш, мөнхийн залуугаараа үлджээ~

Удалгүй хүү ч зүгээр болж амьдрал эргэн хэвийн байдалдаа орсон юм. Цаг хугацааны эрхээр бүгд энэ хуучин гэмтлийг мартсан боловч хүүг 10 нас хүрэх үед эцэг эх нь хүүгээ бусдаас улам бүр ялгаатай болж байгааг анзаарчээ. Үеийн хүүхдүүдтэй нь харьцуулахад биеийн хөгжил сул, өсөж томорч өөрчлөгдсөн зүйлгүй болж хүүхэд царайтай хэвээрээ л байгаад байж.

Эцэг эх нь хүүгээ дахин эмнэлэгт авчран шинжилгээ хийлгэхэд хүүгийн гипофиз нь буюу өсөлтийн даавар ялгаруулдаг тэрхүү хэсэг нь гэмтсэнээс болж өсөж томрохоо больсон байв. Энэ нь биеийн хөгжилд ч бас нөлөөлсөн юм. Гэмтлээс хойш 26 жил өнгөрөхөд Чжу яг л хүүхэд хэвээрээ харагдах бөгөөд сахал үс ургахгүй, дуу хоолой нь ч өөрчлөгдсөнгүй. Ингээд 34 настай эр өдөр болгон танихгүй хүмүүст өөрийгөө насанд хүрсэн хүн гэж итгүүлэх хэрэгтэй болсон бөгөөд Чжугийн үзэж байгаагаар энэ нь хамгийн хэцүү зүйл биш юм гэнэ. Хамгийн хэцүү зүйл нь өсөлт нь зогссон учраас түүний бэлгийн бойжилт ч бас зогсжээ.

“Би одоо 34 настай ч бие маань яг л жаахан хүүхэд шиг үйл ажиллагаатай үлдсэн. Би насанд хүрсэн хүн гэхэд хэцүү бөгөөд яагаад гэвэл би эхнэр авч үр хүүхэдтэй болох боломжгүй ” хэмээн хэлжээ. Чжу Шэнкай өөрийнхөө бие организмд яаж ч нөлөөлж чадахгүй. Эмч нар ч бас яаж ч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч залуу маань одоо болтол бууж өгөөгүй л байгаа ажээ.