Гэрлэх ёслолын ордон

2619

Хуримын ордон жил жилийн намартаа гал голомтоо бадраах залуу залуу хосын хөлд дарагддаг билээ. Хосууд хуримын ордны хээнцэр модон сийлбэртэй алхан орж ирээдүйн амьдрал, насан үүрдийн хайраа бататган холбодог.

Монголын ард түмэн Бүгд Найрамдах Улсаа тунхагласны  хагас зуун жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, тэр их баярт ЗХУ-ын  Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ сайхан учралыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова эрхэм зочидтой ярилцах далимд эх хүний ачлалт сэтгэлээр бодлоо хэлж, олон үндэстэн ястны өлгий болсон Улаанбаатар хотод маань шинэ айл өрхөө татаж, гал голомтоо бадраах бүрт төрөл садан, төр түмнээс нь хуримын ёслол үйлдэх ариун хайрын, шинэ цагийн өргөө монголын залуучуудад хамгийн их хэрэгцээтэй байгааг хэлэхийн дашрамд, ахан дүүсийн холбоогоо бататгах нандин бэлэг барихыг хүссэн өгөөмөр санал дэвшүүлэв.
Зочид тэр содон саналыг талархалтай хүлээн авсны үр дүнд, ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо “Гэрлэх Ёслолын Ордон”-г (хуучин нэрээр Хуримын ордон) сүндэрлүүлэн босгох  шийдвэр гарснаар олон зууны туршид нүүдэллэн амьдарч ирсэн Монголчууд, хотын суурин амьдралд идээшин дасаж байсан 1976 онд Нийслэл Улаанбаатар хот хагас сая хүн амтай, олны хөлийн газар болж, их бүтээн байгуулалт өрнөхөд нэгэн содон өргөө сүндэрлэн боссон нь Монголд төдийгүй Төв Азид анхлан үүдээ нээсэн “Гэрлэх ёслолын ордон” байлаа.
Монголын уран барилгын өнгө төрхийг харуулсан энэ ордныг Монгол Зөвлөлтийн барилгачин залуучууд богино хугацаанд чанартай барьж, дотоод засал, модон сийлбэрийг Монгол Улсын Ардын зураач Д.Амгалан, Л.Чуваамид, чулуун урлал шигтгээт чимэглэлийг С.Мөнхтогтох, П.Дамба, Р.Ганбат, Б.Сумдаарий, зөвлөгч Е.Яценко /ЗХУ/ тэргүүтэй уран бүтээлчид гар, ухааны урыг хослуулан, билиг авьяасаа дайчлан байж бүтээлцсэн түүхтэй.

Нийслэлийн “Гэрлэх ёслолын ордон” нь 1976 оны 06 сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын АДХГЗ-ны “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс” бөгөөд “Гэрлэх ёслолын ордон” оноосон нэртэй байгуулагдсан ба  мөн өдөр анхны хуримлагчдыг хүлээн аван анхны хуримлагчдад Улаанбаатар хотын АДХГЗ-ын Иргэний Гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтсээс гэр бүлийн баталгааг шинэ орон сууцны түлхүүрийн хамтаар гардуулж, залуу хосын амьдралд баяр цэнгэл нэмж, ордныхоо түүхийн гэгээн хуудсыг бичиж эхлүүлжээ.

Гэрлэх ёслолын ордонд гэр бүл болсон анхны хосууд

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу