Завхан аймгийн малчдад сүүний сав болон цөцгий ялгагч гардууллаа

880
Завхан аймгийн малчдад сүүний сав болон цөцгий ялгагч гардууллаа

БНЧУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсын Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны санхүүжилтээр “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

АДРА Монгол ОУБ-ын “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөл нь Завхан аймгийн Идэр суманд хэрэгжиж байгаа бөгөөд экспортын чиглэлийн хатуу бяслагийн загвар үйлдвэр байгуулах, сүү нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх замаар 100 гаруй малчин өрхийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Уг төслийг дэмжиж, малчин өрхүүд бяслагны үйлдвэрт сүүгээ нийлүүлэхэд нь туслах зорилгоор Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ болон АДРА Монгол ОУБ хамтран энэ онд “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь “Сүү нийлүүлэх” жижиг төслийг хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд өнөөдөр ийнхүү хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан 62 ширхэг зэвэрдэггүй сүүний ган сав, зургаан ширхэг цөцгий ялгагчийг олгож байгаа юм.

Ёслолын ажиллагааг нээж, АДРА ОУБ-ын Азийн бүсийн дарга Марк Вэбстер хэлсэн үгэндээ, “Алслагдсан бүс нутагт аж төрж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл тулгардаг. Тиймээс БНЧУ-ын Элчин сайдын яамны энэхүү дэмжлэг нь Завхан аймагт хэрэгжиж буй төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно” гэдгийг тодотголоо.

БНЧУ-аас Монголын хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор том, жижиг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан Чехийн хөдөө аж ахуйн дэвшилтэт техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, хоёр орны төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна. Үүний нэг нь АДРА Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй төсөлд өгч буй дэмжлэг юм гэж БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ийржи Бродский хэлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу