Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өнөөдөр /2019-12-19/ уулзалт хийлээ.
Уг уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра, Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцов.
Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Иргэдээс автомашин ачилттай холбоотой нэлээдгүй санал гомдол ирсний дагуу өнөөдөр та бүхнийг дуудаж уулзаад байна. Авто машин ачилтын компаниуд иргэдийн машиныг ачихдаа гэмтээдэг, зогсоол дээр байхад нь ачих, хүн нь гарч ирээд гуйгаад уулзахаар мөргөх нь холгүй ачаад явах зэрэг гомдлууд баримттайгаа надад байна.
Тухайлбал өнөөдөр өглөө “Тоёото” маркийн автомашиныг хөндлөн чирээд явж байгаа бичлэг сошиалаар цацагдсан. Энэ мэтчилэн ачилтын компаниудтай холбоотой гомдол санал манай ажлын албанд ч, Засаг даргын албанд ч их ирсээр байна. Тухайн машин дүрэм зөрчиж зогссон бол бид ачих үүрэгтэй ч хүний эд хөрөнгийг буруу тээвэрлэн гэмтээх эрх, үүрэг байхгүй.
Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуйн нэгж байгууллага зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгалт явуулж, дөрвөн аж ахуйн нэгжийн гэрээг цуцалсан. Дахин шалгалт зохион байгуулан алдаа дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсныг улиралд нэг удаа болгож, манай Авто замын хөгжлийн газраас шалгалт хийж байгаа. Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас та бүхний үйл ажиллагаанд тогтмол хяналтаа тавьж, шаардлагыг хүргүүлж, зөрчлийг арилгуулах тал дээр ажиллана. Мөн иргэдэд НӨАТ-ын баримт өгдөг асуудлыг удаа дараа холбогдох газруудад нь тавьж байгаа. Энэ асуудлыг шийдүүлэх тал дээр бид өөрсдөөс хамаарах бүх ажлуудыг хийх болно. Програмын асуудлыг шийдүүлэх, ажлыг нь хурдлуулах тал дээр анхаарья” гэлээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра “Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсан бол одоогоор улиралд нэг удаа шалгалт хийж байна. Энэ бол үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүд. Иргэдэд үйлчилж байгаа тохиолдолд Хууль зүйн яамнаас гаргасан сайдын тушаал НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Авто замын хөгжлийн газраас гаргасан гэрээ зэрэг олон бодлогын бичиг баримтыг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Буруутай автомашин байсан ч ачилтын үйл ажиллагааг явуулах жолоочдоо сургалт явуул, соёлтой үйлчил. Гурван удаа зарлан дуудна. Энэ тохиолдолд ирээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрлөөр ач гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг нэр бүхий аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргаж байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Гэрээгээ цуцална. Бид үйл ажиллагаа илүү сайжруулна” гэв.
Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар “Холбоо дөрөвдүгээр сараас хойш маш эрчимтэй ажиллаж байгаа. Бүх ачигч автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо холбооны зүгээс дөрвөн оператор компанитай ярилцаад мессеж тусгай дугаарыг гэрээ хийгээд авсан. Програм хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болох гэж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Компаниуд ачилтын автомашинуудаа нэмж байгаа болохоос үйлчилгээгээ сайжруулж чадахгүй байна. Энийг яаж сайжруулах вэ гэдгээ Нийслэлийн авто замын газартай ярьсан уу, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уулзсан уу” гэдэг асуулга тавиад “Хууль дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг ачиж болно. Ачаад явж байхдаа хүний эд хөрөнгийг авч яваа шүү гэдэг сэтгэлээр ажил явуул. Үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгжүүдээр явж газар дээр нь очиж ажиллана. Дүрэм журмынхаа хүрээнд ажиллаж буй эсэхийг шалгана. Стандарт шаардлага хангахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална” гэдэг үүрэг даалгаврыг өглөө.
Хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой.