Иргэдийг “ДРОН”-оор хянана гэх мэдээлэл ХУДАЛ!

699
sar-shine-ba-dron
Иргэдийг "ДРОН"-оор хянана гэх мэдээлэл ХУДАЛ!

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр /2020-02-19/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засахыг хориглох захирамж гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч торгожээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Сүүлийн өдрүүдэд Цагаан сараар айл хэсэх иргэдийг дроноор хянана, уламжлалт баярын золголтыг дроноор зогсооно, тэтгэвэртээ суусан ахмадуудыг эргүүлд гаргана гэх мэтчилэн худал мэдээллүүд цахим орчинд гарч иргэдийг төөрөгдүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд онцгой шаардлагатай үед зарим төрийн албан хаагчдыг хуваарилж ажиллуулах талаар яригдсан. Амны хаалтгүй иргэдийг торгоно, Цагаан сар тэмдэглэж айл хэссэн иргэдийг дроноор хянана, сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх зэрэг олон нийтийн сүлжээгээр явж байгаа баримт нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.

~Иргэдийг “ДРОН”-оор хянана гэх мэдээлэл ХУДАЛ!~

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөрлөг цэгүүдээс дрон нисгэдэг. Цагаан сараар айл хэсэж буй иргэдийг дроноор хянана гэдэг мэдээлэл худал гэдгийг албан ёсоор хэлье. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжид нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие зассан 169 зөрчил, нус шүлсээ хаясан 85 зөрчлийг бүртгээд байна. Зөрчил гаргасан иргэдийг ойролцоох гудамж талбай дахь аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камераар илрүүлж байгаа” хэмээв.

МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай “Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ойр орчмын газраа бохирдуулсан, ил задгай хог хаясан таван аж ахуйн нэгж, гурван иргэнд нэг сая 800 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг албадан зогсоож байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа зэрэг 7 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна” гэлээ.

Цахим орчинд эх сурвалжгүй худал мэдээллийг олон нийтэд түгээж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгуулагууд баттай эх сурвалжтай мэдээ мэдээлэл бэлтгэн түгээхийг албаныхан энэ үеэр уриаллаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу