Монгол Улсын хүн ам 2030 онд гэхэд дөрвөн сая, 2045 онд таван саяд хүрнэ

864
hun-amiin-too-osolt
Монгол улсын хүн ам 2030 онд дөрвөн саяд хүрэх тооцоо гарчээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар ХНХ-ын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсов.

Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор, манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван саяд хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой нэмэгдэж байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсөж, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин олширно. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

Төсөөлөлд тусгаснаас үзвэл нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.

~Монгол улсын хүн ам 2030 онд дөрвөн саяд хүрэх тооцоо гарчээ~

Цалингийн бодит өсөлтийг хангахуйц хэмжээгээр үе шаттай нэмэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор байгуулахаар тусгасан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу