Төв аймаг Архуст сумын цахилгаан эрчим хүчний шугам шинэчлэгдэнэ

1358
towaimag-arhust-sum
Төв аймаг Архуст сумын цахилгаан эрчим хүчний шугам шинэчлэгдэнэ

Төв аймгийн Архуст сумын Нарстын хоёрдугаар багийн ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээр хангадаг цахилгаан дамжуулах шугамыг сольж, хангамжийг сайжруулан шинэчлэх ажлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ сарын 22-ны өдрөөс эхлүүллээ.

Шинэчлэлийн ажлын хүрээнд 0.4 киловольтын нийт 7.5 км агаарын шугамын АС маркийн утсыг эрчим хүчний алдагдал багатай бүрээстэй дамжуулагч утсаар, 193 модон тулгуурыг төмөр бетон тулгуураар тус тус сольж, 168 өрхийг өдөр, шөнийн тарифт электрон тоолуураар хангана.

Ингэснээр тус сумын хоёрдугаар багийн айл өрхүүдийн цахилгаан хангамж сайжирч, стандартын шаардлагад нийцсэн чанартай эрчим хүчийг хэрэглэж, шөнийн хэрэглээгээ хямдралтай тарифаар тооцуулах боломж бүрдсэний дээр иргэд жижиг үйлдвэрлэл эрхлэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Архуст сум нь Улаанбаатар хотоос 108, аймгийн төвөөс 117 километрийн зайд оршдог бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системд 50 орчим жилийн өмнө холбогджээ. Анх холбогдсон цагаас хойш цахилгаан дамжуулах шугамд урсгал засвараас өөр дорвитой шинэчлэл хийгдээгүйгээс хэт хуучирч, тасралт саатал гарах нь элбэгшсэний зэрэгцээ хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ хүчдэлийн уналттай, шинэ хэрэглэгч нэмж холбох боломжгүй болоод байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр УБЦТС ТӨХК-аас шинэчлэлийн ажлыг хийхэд зарцуулах хөрөнгийг 2019 онд орон нутгийн засаг захиргаатай хамтран шийдвэрлүүлж, гаргасан зураг, төсвийн дагуу ажлаа хийж эхэллээ. Шинэчлэлийн ажлыг 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтааж чанарын өндөр түвшинд хийж дуусгахаар төлөвлөөд байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу