Хүчирхийлэл, дарамтаас хамгаалах зорилгоор “Охидын эрхийн өдөр”-ийг тэмдэглэв

1483
ohidiin-erh
Хүчирхийлэл, дарамтаас хамгаалах зорилгоор "Охидын эрхийн өдөр"-ийг тэмдэглэв

Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр энэ сарын 12-ний өдөр тохиосон билээ. Энэ хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” аян өрнүүлж, цуглаан зохион байгуулж байгаа юм.

Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн анхаарал хандуулж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, энэхүү тулгамдсан асуудлаар бодит үйл ажиллагаа өрнүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

“Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд, хуульчдын төлөөлөл УИХ-ын даргад хандан зарим санал дэвшүүлж байгааг Б.Оюунгэрэл танилцуулав.

Тухайлбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа “хүчиндэх” гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, ийм төрлийн гэмт хэрэг өдүүлсэн этгээдийн ялыг заавал биеэр эдлүүлэх, ямар нэг өршөөл, уучлалд хамруулахгүй байх, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог болох зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу