ЭМЯ: Коронавирусийн 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

115
nyamkhuu-emch
Коронавирусийн 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулж байна.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг буюу 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Тээврийн жолооч нарыг шинжилгээний хариу гарангуут ажилд нь оруулах зохицуулалтыг хийж байна.

Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн Улсын нэгдсэн төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг болон нийслэлийн таван дүүргийн эмнэлгээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.

Нэг сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсний дараа өөр байр руу хянагдах ёстой байсан ч өөсрдийн хүсэлтээр ХӨСҮТ-д хяналтад байж байгаад гэрийн хяналтад шилжлээ.

Бид давтан шинжилгээ хийж байгаа. Үүнээс ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах ёстой. Хүнээ зөв сонгож, ХӨСҮТ-д гол хүмүүсээ тусгаарласан нь онолоо. Өнөөдрийн батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан. Нууц хугацаа байгаа учраас хэд хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрч байна. Ийм учраас хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой анхаарч өөрийгөө сайн хянаж байх нь зүйтэй. Хяналтын хугацааг тээршааж болохгүй.  Анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй, бээлий өмсөж байхыг дахин хэлье” гэсэн мэдээллийг өглөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу