Дипломат харилцаа гэх хүйтэн хөндийд ХҮН ЁСНЫ хандлага оруулж ирсэн хэрэг…

1054
Battulga-hyatad-honi-coronavirus-2020
Хүн ба дипломат харилцаа

Хүн ба дипломат харилцаа…

Өчигдөр өглөөний (2020.2.27 )хамгийн хурцадмал мэдээ. “Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ- д айлчилна!!!” аймаар ч юм шиг мэдээ. Цахимд бөөн шуугиан. Бараг л тэнэг юм болохоороо явж байгаа, тэндээ үхээсэй, агаарын хил хаасан байхад хууль зөрчлөө, муу новш… ингэж л хөврөв. Сайн яваад эрүүл энх буцаж ирэхийг хүссэн хүн бас олон байсан шүү. Ердөө 5 хан цагийн дараа гэхэд монголчууд төдийгүй дэлхий гайхширав. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн тахлын голомт болсон Хятадад айлчилж 30 мянган хонь бэлэглэж хятадуудыг зовох цагт тусламжийн гараа сунгав хэмээлээ.

Араас нь “Дэлхийн хамгийн мэдрэмжтэй Ерөнхийлөгч, улстөрч…” гэв. Хятадын ард түмэн өчигдөржин Монголчуудаар бахархаж, Монголын Ерөнхийлөгчийг магтав. Орой болсон хойно Ерөнхийлөгч буцаж ирээд хамт явсан хүмүүсийн хамт тусгаарлагдав. Мөн л дэлхийн топ мэдээ боллоо. Дэлхийд хамгийн анхлан тахлын хорионд орсон Ерөнхийлөгчөөр Монгол улсын Ерөнхийлөгч тодорлоо. Монгол улс Ерөнхийлөгчөө хүртэл тусгаарлаж чаддаг хууль дүрэмтэй мундаг улсаар тодров.. Хамгийн гоё мэдээ гэвэл БНХАУ- ын дарга Ши Жинь Пин “Дуслын төдий ачлалд булгийн ундарга шиг хариуг буцаан барьмуй. ” гэсэн Кунзийн сургаал, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла”гэсэн Монгол ардын зүйр цэцэн үгээр угтаж талархал илэрхийлэв.

Ингэж Хятад Монгол хоёр ард түмний түүхэнд хэдэн зуунаар хэлэлцэгдэх дипломат бодлого, домог үлгэр болон яригдах их түүхийг 2020 оны 2 р сарын 27 ны өдөр бүтээлээ. Түүх бүтээлээ. Энэ бүхэнд Монгол улсын минь нэр гарлаа. БНХАУ -д үхлийн титэм вирусын халдвар дэгдсэнээс хойш энэ улсад айлчилсан анхны төрийн тэргүүн хэмээн дэлхийд гайхагдав. Монголчууд дахиад л түүх бүтээжээ. Өнгөрсөн жил Х.Баттулга АНУ-д айлчилсан. Дэлхийн хамгийн “муухай ааштай “ Ерөнхийлөгчтэй уулзахдаа ОХУ, АНУ хоёрын хөндий хүйтэн харилцааг ганцхан өгүүлбэрээр үгүй хийж бас л гайхаш барсан. Х.Баттулга Трампд хандаж “Та Путин руу яриач… Дэлхийн уушги болсон Сибирь шатаж байна шүү дээ” гэж. Трамп Путин руу ярьжээ.

~Дипломат харилцаа гэх хүйтэн хөндийд ХҮН ЁСНЫ хандлага оруулж ирсэн хэрэг…~

Энэ жижигхээн түүх дэлхийн хэвлэлээр шуугиан тарьсан болохоор монголчууд бүгд андахгүй. Ийн дурдах учир нь дипломат харилцаа ёс жаяг гэх хөндий хүйтэн харилцаанд зүгээр л хүн ёсны хандлага оруулж ирсэн хэрэг. Хүн гэдэг амьтны мөн чанар. Хүн ёсны халуун дотно харилцаа. Ямар ч пи ар хийдэг мэргэжилтэн, улс төрийн мундаг зөвлөх зөвлөж, бодож олж чадахгүй ийм жаахан атлаа тийм том агуулга. Энэ бол зүгээр л хувь хүний хандлага юм. Хувь хүний хүн ёсны чанар ингэж дэлхий дахинд том сэтгэгдэл төрүүлж чаддагийн нотолгоо.

Халтмаагийн Баттулга л ийм хүн. Мөн чанар нь ийм юм. Өнгөрсөн жилийн наадмаар улсын наадамд түрүүлсэн бөхөд бай шагналыг нь гардуулах үеэр хажуудаа сууж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх руу хандаж “ Шагналыг нь чи өгөх үү” гээд нутгийнх нь аваргад Ерөнхий сайдаар шагналыг нь өгүүлж монголчуудын талархлыг хүлээснийг мартаагүй байх. Нэг тийм тайлбарлах аргагүй хүн ёсны үйлдэл түүнд байдаг. Энэ бол магтаал биш.

Дэлхий магтаж байхад мань шиг жижигхэн сэтгүүлч илүүц. Харин олж хараагүй өнцгийг л хүргэх гэсэн юм. Яг л нөгөө Яармагийнхаа хэдэн архичинд машинаасаа бууж ирээд албаар баригдаж хэдэн төгрөг өгдөг шигээ, 200 гаруй хүнд хувиасаа үнэ төлбөргүй байр өгчихөөд ерөөсөө хэнд ч хэлж болохгүй шүү гэж сануулдаг шиг ээ, гадаадад өндөр үнэтэй хагалгаанд орж буй хүмүүсийн зардлыг даачихаад хэвлэлд бичвэл дэмий шүү гэж уурладаг шигээ…дэлхийн дипломат харилцаанд өөрөөрөө, мөн чанараараа орж ирсэн нь энэ.

Дэлхийн хөгжил туйлдаа хүрч цахим харилцаа бүхнийг орлож байгаа энэ эринд тал нутгийн хүн чанар ханхлуулсан жирийн нэг монгол хүний хандлага дэлхий дахиныг гайхуулж байгаа нь энэ юм даа. Монголын дипломат харилцааны тухай өгүүлэх гэснээ энэ удаа хойш нь тавиад зөвхөн хүний мөн чанарыг энэ удаа онцоллоо. Ямар ч үед мөн чанараа алдахгүй байх нь дэлхийн харилцааг ч өөрчилж болохыг бид харлаа шүү дээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу