Д.Урианхай: Бид бие биеэ даанч бага хайрлах юм

965

Өвгөн насанд өдрийн гэгээтэй уралдаад толгойд орсон элдэв шидийн бодлоо уран зохиол болгоод л бичиж суувал барав атал өр голоос зууралдаатай эх орноо гэж амьсгаа тоолонгоо санаашрах “сайхан” зовлонгоосоо болоод арай л дуугай дүмбийн сууж эс болом хэдэн санааг өчүүхэн зуур цухалзуулмаар санагдахуйд муу минийхээ үе үе цухалзуулсан үгийг хөсөр шаалгүй уншчихдаг эрхэм гэгээн уншигчид, ард түмэндээ аанай л бас өчүүхэн зуур нэг цухалзуулахаас аргагүйдээд өмнөө цагаан цаас тавилаа даа…

Эх сайхан нутагт маань цагийн урь үнэртэж, жилийн эзэн Тахианы гоогчоон чихэнд дуулдаад цээжин дотор дулаахан л байна. Та нарт минь ч адилхан л байгаа байх даа, яамай даа!

Өгүүлэх нь:

Сүүлийн жилүүдийн цувиралд хөгшин залуугүй иргэн бүгдийн маань сэтгэхүйд Үндэсний ухамсар тун хүчтэй сэргэж, нийгмийн амьдралын салбар бүрд л “Дэлхийн түвшинд гарах”, “Дэлхийтэй өрсөлдөх” бодол ч, дорвитой яриа ч, бодит ажил үйлс ч газар авахуйцаар эрчимжиж байгаа нь нүд муудаж, чих хатуурч эхэлсэн над мэтэд ч дуулдаж, харагдаж, амьдрах гэж хүсэх, тэмцэхийн нэг хэрэгцээ маань болж байгаа нь их л сайхан, урамтай байна.

Хүний амьдралын хугацаа бол товчхондоо, хариуцлагын хугацаа л юм. Захаас нь бодоход л, илч гэгээнд нь амьдарсан нарныхаа өмнө, хүчилтөрөгчөөр нь амьсгалж амьд явсан агаар, огторгуйнхаа өмнө, уураг шаргал сүүг нь хөхөж торнисон ижийнхээ өмнө, харамгүй ачинд нь амьдралын хатууг анзааргагүй тоглосоор морины нуруунд ассан аавынхаа өмнө, “А, Я” үсэг таниулахаас эхлээд ертөнцийн утга учрын ээдрээг таниулсан эрдэмт багшийнхаа өмнө, цааш элдвийг тоочилгүй залгахад, хүний амьдралд орь ганц эх орон, ард түмнийхээ өмнө эр, эм хүйст махбодийг маань эрдэнэт хүн болгон хөгжүүлсэн агуу ачийг бүрэн дүүрэн хариулах ёстой хариуцлагын хугацаа юм.

Чихэнд ул дол болсон энэ хуучин үгийг өнөө их л шинээр ойлгон сонсож, шинээр бодох, дэлхий дахинд юу болж, яаж хувирч өөрчлөгдөж байгааг бүгдийг нь андахгүй мэддэг болсон мэдлэг, ухаарлынхаа төв голд суурилуулаад нэлээд нөрөөр ухан сэрвэлзүүлэх хэрэгтэй л байна даа.

Хариуцлага алив улс орны иргэн хүний олон үүргийн биелэлтийн бодит үр дүнгээр илэрхийлэгдэнэ.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу