Сүүлчийн цэцэг чамд хүрэхээс өмнө

495

Эрэгтэй эмэгтэй хүмүүс улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм  соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцохыг жендэр  гэж нэрлэдэг. Тэгвэл  Өнөөдөр монголд  жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлд эрэгтэй, эмэгтэй хүмүүс  өртсөөр байна. Үүний дийлэнх хувийг  эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өөрийн амьдрал би сэтгэлээрээ айдас түгшүүрийг даван туулсан нэгэн эмэгтэйн бодит түүхийг  энд өгүүлье.

Би хэдэн жилийн өмнө нөхөртэйгээ танилцаж, хайр сэтгэлдээ хөтлөгдөн хол нутгийн бэр болж нөхрөө даган нутагт нь ирсэн юм.  Нөхөр маань өөрийн гэсэн тогтвор суурьшилтай ажилтай төрийн алба хашдаг хүн байсан юм. Би ч очсон даруйдаа нөхрийнхөө тусламжтайгаар  мэргэжлийнхээ ажилд орлоо. Эхний 2 жил бид 2 айл шиг айл байж, хөөрхөн хүүтэй хүртэл болж сайхан амьдарч байлаа. Гэвч сүүлдээ  нөхрийн маань зан ааш өөрчлөгдөж намайг бага багаар хардах болсон. Ажил ихтэй оройтвол хардаж уурлана. Утасаа авахгүй бол хардаж элдэв үгээр доромжилсон зурвас бичнэ. Нэг удаа бид хоёр нилээдгүй муудалцсан. Тэр намайг шууд л цохиод авсан. Тэгээд дараа нь надаас зөндөө уучлалт гуйж дахиж тэгэхгүй ээ гэж амласан. Гэсэн ч худал байсан  Санаанаасаа  элдэв зүйл зохиож хий хоосон хардаж,  архи уух тоолондоо надад гар хүрэх нь энхүүхэнд болсон. Ажлын хүнтэй хардана. Ажил хийхэд ч хэцүү болж ажлаасаа гарч гэртээ суух болсон ч орсон гарсан хүмүүстэй хардаж зовооно. Нөхөр маань нутагтаа нэр хүндтэй хүн болохоор цагдаад өгөхөөс эмээнэ. Хүмүүс юу гэж бодох бол гээл… Бүр нэг удаа аргагүйдээд цагдаа дуудаж өгсөн боловч ах дүү нь очоод гаргаад авчихсан. Тэгээд ирээд “Чи намайг цагдаад өгдөг хэн бэ гээд” гарт таарсан бүхнээ надруу шидэлсэн. Салаад явахыг хүсдэг байсан ч энэ хүнээс холдоод яаж амьдарна гэж  мөнгөгүй, очих газаргүй, хүний нутагт ганцаараа эцэггүй хүүхэд чирээд хаашаа явах билээ дээ гэж бодно. Согтуудаа гар хүрч зодчихоод эрүүлдээ юу ч хэлэхгүй. Ахиж тэгэхгүй гэж амлаад 2,3 сар зүгээр байж байгаад ахиад л энэ бүхэн эхлэнэ… Нэг өдөр нөхөртэйгээ хамт найзынх нь хуриманд очсон юм. Тэнд удаан уулзаагүй 10 жилийнхээ найзтай санаандгүй таараад түр ярилцсан юм.  Гэтэл нөхөр маань хардаж эхэлсэн. Удаан уулзаагүй 10 жилийн найз гэж хичнээн учирласан ч огт итгэхгүй хуриман дээр уугаад л байсан. Тэгээд орой гэртээ ирээд намайг зодсон , хоолой боож, үснээс зулгаан чирч хэд хэдэн удаа  өшиглөсөн. Хүү маань ааваа болиоч гээд уйлж байсныг бүүр түүрхэн санаж байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт ухаан орсон.  Чиний  нуруу  бэртэж, хавирга хугарсан, бие чинь битүү хөхөрөлттэй байна гэж эмч хэлсэн. Эмнэлэгт их удаан хэвтсээн. Энэ хугацаанд би их зүйл бодсон. Тэр хүнийг өөрчлөгдөнө хэмээн хууртагдсаар би 8 жилийг ардаа орхисон байсан. Би маш их айсан. Эргэж очихоос үнэхээр их айсан. Яагаад гэж бодож гомдохдоо халуун нулимсаар хацраа эсгүүлж, тэр хүний гарт амиа алдахаас айж байлаа. Үнэндээ тэр хүнийг алчихмаар санагддаг үе  байсан. Хайрласан сэтгэл үзэн ядалт болон хувирч би энэ бүхнээс залхаж  холдохыг үнэхээр  хүссэн. Эмнэлэгээс гарсаныхаа дараа би холбогдох газруудад өргөдөлөө өгч, тэр хүн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн. Тэр үед надад дарамт  их байсан. Хадам талын дарамт. “  нөхөр чинь муу ч сайн ч хүүгийн чинь эцэг. Өргөдлөө буцаа. Чиний сайн явахыг чинь харна” гэсэн сэтгэл санааны дарамт их ирсээн.  Энэ бүхний хийхэд  үнэхээр амаргүй байсан…  Гэхдээ би надтай адил зовлон туулж байгаа  эмэгтэйчүүд  тухайн хүнээ өөрчлөгдөнө өө  гэж найдалгүй бас өөрийгөө сул дорой гэж бодолгүй, өөрийн алтан амийг алдахаас өмнө тэмцээсэй хэмээн урам өгөхийг хүсэхдээ би энэ түүхийг ярьлаа хэмээсэн билээ.

Өнөөдөр энэ эмэгтэйн адил айдас түгшүүрийн дунд олон эмэгтэйчүүд амьдарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчид гэр бүлийн дотоод асуудал гэсэн шалтгаанаар хэргийн талаар цагдаад мэдэгдэхээс эмээх, санаа зовох, цааргалах нь элбэг байна.  Жендэрт суурилсан  гэр бүлийн хүчирхийлэл нь Монгол цаашилбал дэлхийн хэмжээнд хүний амь насанд заналхийлсэн, хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн нэг байсаар байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гаргасан  судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн гурван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байсан бол 10 эмэгтэй тутмын нэг нь зодуулж байжээ.

Хүчирхийллийн бүрэн хэлбэрийг харуулсан Зохиолч  Paulette Kelly- гийн “Цэцэг”  хэмээх шүлэг бий. Тэр шүлгийн төгсгөлд  “Өнөөдөр миний сүүлчийн өдөр байлаа. Энэ өдөр миний ажил явдал болсон. Өнгөрсөн шөнө тэр намайг хөнөөсөн юм. Тэр намайг үхтэл зодсон.  Хэрвээ би зориглож чадсан бол. Зүрхлээд түүнийг орхисон бол. Өнөөдөр… би цэцэг авахгүй байсан”  гэж бичсэн байдаг.

Бид хэн нэгнийг энд  буруутгахдаа биш, хүчирхийлэл үйлдэж байгаа хүнд эрх зүйн хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нуух бус илчилж чаддаг байх, хүчирхийллийг харсан бол тэр талаар цагдаад мэдэгдэж,  үүргээ биелүүлдэг  иргэнийг бий болгох нь чухал юм. Хүчирхийлэл бол хэвийн зүйл биш.  Хүчирхийллийн суурь шалтгаан бол эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Эцгийн эрхэт ёсын ноёрхол. Тиймээс хүчирхийллийг таслан зогсооход суурь шалгааныг нь өөрчлөх, Нийгэмд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, хүчирхийллийн хохирогчидод   болон иргэдэд хууль  эрх зүйн мэдлэг мэдээллийг олгох, тэднийг дахин хүчирхийлэлд өртөхөөс бүрэн дүүрэн хамгаалж чаддаг төр засаг, хууль хяналт байх  хэрэгтэй.  Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход ганц байгууллага, тухайлбал НҮБ-ын Хүн амын сан дангаараа ажиллаад амжилтанд хүрэхгүй, Засгийн газар, УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон олон улсын байгууллагууд, мөн хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэн хамтран ажиллах нь чухал” гэдгийг  НҮБ-ын Хүн амын  сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара онцолсон байдаг.

Хүн хүнээ хайрлаж, харилцан ойлголцож,  эрүүл нийгмийг  хамтдаа бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй.  Хэн ч  эхний болон сүүлчийн цэцэгний эзэн бүү байг.

 

Ажлын хаяг: Мөрөн хот 4 зам Тамир төвийн  2 давхарт  “Эрх чөлөө” сонины редакци

Хадбаатарын Нямжаргал

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу