ХЭНТИЙ. Баян-Овоо сумын 30 иргэн мэргэшсэн таваар бэлтгэгч боллоо

1523
tawaar-beltgel
Баян-Овоо сумын 30 иргэн мэргэшсэн таваар бэлтгэгч боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэх “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, 16.600 ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж эхний ээлжид Баян-Овоо сумын 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыг нутгийн удирдлагатай хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Жишиг сум” байгуулахаар болж, стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх, таваар бэлтгэгч сургах нийт 3 удаагийн танхимын сургалт зохион байгуулсан юм.

Сургалтад тус сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний гишүүд, дөрвөн багийн 21 аравтын ахлагч, гишүүд болон Засаг даргын тамгын газар, хөдөө аж ахуйн ажилчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй иргэн хамрагдлаа. Улмаар Баян-Овоо суманд 30 иргэнийг чанар стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх мэргэшсэн таваар бэлтгэгчээр бэлдсэн юм.

Түүнчлэн Баян-Овоо сумын Сүмбэр багийн 85, Дэлгэрхаан багийн 50, Наран багийн 25, нийт 160 малчин өрхийн малын хотонд нь таваар бэлтгэгч нарын хамт сургалт зохион байгуулж ажиллалаа.

“Хөх чулуутын цуурай” хоршоонд итгэмжлэл олгов

Түүхий эд бэлтгэлийн ажлын зэрэгцээ зайлшгүй анхаарах шаардлагатай зүйл бол агуулахын стандартын асуудал билээ. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлэх, шалгуур үзүүлэлтийг хангасан этгээдэд Бирж итгэмжлэл олгож, гэрээ байгуулан хамтран ажилладаг. Энэ хүрээнд биржийн итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан Баян-Овоо сумын “Хөх Чулуутын Цуурай” хоршоонд итгэмжлэл олголоо. Тус хоршоо нь малын гаралтай түүхий эд, махны нийт 100 м2 стандарт агуулахыг 2021 онд ашиглалтад оруулсан байна.

Мөн тус хоршоонд гишүүн малчдын түүхий эдийг хүлээн авах, анхан шатны чанарын тордолт хийх, бараа түүхий эдийг ангилах, чанар стандартын дагуу хадгалах тээвэрлэх, гишүүн малчдын захиалгыг биржийн арилжааны системд хэрхэн оруулах талаар сургалт зохион байгуулсан юм.

Ийнхүү “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, тогтвортой ажлын байр бий болгох малчдыг мэргэшсэн таваар бэлтгэгчээр хангах үйл ажиллагааны эхний алхмууд хийгдлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу