НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хоол үйлдвэрлэлийн салбарт хамтарна

589
Nub
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хоол үйлдвэрлэлийн салбарт хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2021-04-02/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоол үйлдвэрлэл, хүнсний шим тэжээл, тоног төхөөрөмж, байгаль орчин, экологийн боловсролыг хүүхдэд олгох зэрэг тодорхой сэдвээр харилцан санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол”-ны хөтөлбөр рүү шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, хоолны жорыг бий болгох шаардлага үүсэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 368 мянган сурагчид бий. Эдгээр сурагчдын үдийн хоолны асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллах хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тавилаа.

Бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийг дэмжих “Өдөр бүр сүү” төслийг хэрэгжүүлнэ. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч зохион байгуулна. Цаашид уг төсөлд хамтарч ажиллах саналаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч дээрх саналыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, лаборатори, бүтээгдэхүүний худалдан авалт зэргийн талаар өөрийн үнэтэй саналаа хэлсэн юм. Мөн тэрбээр сүү өгөхөд анхаарахаас гадна сурагчдын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал болохыг хэлэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу