Хэн нэгэн хос өөрсдийгөө ижилхэн, сар, өдөр төрсөн тэгээд бүр адилхан нэртэй гээд танилцуулвал уншигч та итгэх үү. “За, арай худлаа байлгүй. Наргиа хийж байгаа биз” гээд итгэхгүй хүн олон байх болов уу. Ер нь та ийм ховор тохиолдлын эзэдтэй өмнө нь учирч байсан уу. Та нэг сайн бодоод үзээрэй. Учир нь ижилхэн он, сар, өдөр төрсөн бүү хэл адилхан нэртэй хос ховор байдаг шүү дээ.Тэгвэл ийм ховор хувь заяаны эзэд Увс аймгийн Тэс суманд амьдарч байна. 1948 оны тавдугаар сарын 3-нд төрсөн тэднийг Даваагийн Мягмар, Жамаагийн Мягмар гэдэг. Монгол Улсад ижил нэртэй 360, нэг өдөр төрсөн 1996 хос байдаг. Харин яг тэдэн шиг ийм ижилхэн он, сар, өдөрт төрсөн, адилхан нэртэй хос хуруу дарам.
Өдгөө 72 настай буурлууд маань гал голомтоо бадраагаад 55 жилийн нүүрийг үзжээ. Бага наснаасаа бие биедээ ижилдэн дасаж, олон жилийг хамтдаа элээж яваа тэднийг жинхэнэ заяаны ханиуд гэлтэй. Тэд багадаа нэг ангид сурдаг байсны сацуу саахалт айлын хүүхдүүд байжээ. Хамтдаа хичээлдээ явж, хонь, хургаа хариулж явсан гэнэ.
Source: eguur.mn