Дэлхийн хэвлэлүүд коронавирусийн талаар хэт их мэдээлэл цацаж байна гэв

158

Их Британид төвтэй зах зээл, эрсдэлийн менежментийн судалгааны “LexisNexis” агентлаг болон АНУ-ын “Time” сэтгүүлүүд хамтран Хятадын Ухань хотод өнгөрөгч арванхоёрдугаар сард анх дэгдсэн шинэ төрлийн коронавирус болон Бүгд найрамдах ардчилсан Конго улсад 2018 оны наймдугаар сард дэгдсэн Эбола вирусийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж байгаа талаар жишсэн дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд хэвлэл мэдээллүүд Эбола вирустэй харьцуулахад коронавирусийн талаар хэт их мэдээлэл цацаж буй гэх тоо гарчээ.

Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын турш англи хэл дээр хэвлэгддэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 41000 гаруй удаа шинэ төрлийн коронавирусийн талаар мэдээлсэн байна. Ингэхдээ “коронавирус” гэх үг хэвлэлүүдийн нүүр хуудсанд 19000 орчим удаа нийтлэгдсэн байна. Тэгвэл эбола вирус сүүлд тархсан 2018 оны наймдугаар сард англи хэл дээрх дэлхийн хэвлэлүүд ердөө 1800 орчим удаа эбола вирусийн талаар  мэдээлж байсан бөгөөд “эбола” гэх үг хэвлэлүүдийн нүүр хуудсанд дөнгөж 700 удаа дурдагдаж байсан аж.

ДЭМБ-ын Ерөнхийлөгч Тедрос Адханом мягмар гаригт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг албан ёсоор “Covid-19” гэж нэрлэх болсон талаар мэдэгдсэн. Хятадын Ухань хотоос эхтэй үхэлд хүргэх аюултай энэхүү өвчнийг олон улсад өмнө нь “Уханий вирус” болон “2019-nCoV” зэргээр нэрлэж байсан юм.

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар энэхүү “Covid-19” өвчнөөр халдварласан нь батлагдсан 45000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо 1100 давжээ. Уг өвчний нийт тохиолдол дунд нас баралтын төвшин 2.3 хувь байгаа юм. Эх газрын Хятадад одоогийн байдлаар уг өвчний халдварын улмаас биеийн байдал нь хүнд нөхцөл байдал байгаа 6500 орчим хүн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Харин биеийн байдал нь харьцангуй тогтворжсон хүний тоо 30000 орчим болж, “Covid-19” өвчний халдвараас эдгэсэн хүний тоо 4700-д хүрчээ.

Тэгвэл ДЭМБ-ын 2020 оны нэгдүгээр сар хүртэлх статистик мэдээгээр анх 1976 онд илэрсэн Эбола вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 35000 болж, нас барсан хүний тоо 15000 давсан байна. Эбола вирусийн нийт тохиолдол дунд нас баралтын төвшин 43.9 хувь буюу “Covid-19”-тэй харьцуулахад маш өндөр юм. Хамгийн сүүлд энэхүү өвчний дэгдэлт 2014, 2016 онуудад Африк тивийн баруун хэсэгт, 2018 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад гарч, дэлхий дахинд тархаж байв. Конгод гарсан сүүлийн дэгдэлтийн үеэр энэхүү өвчнөөр 3500 орчим хүн халдварлаж тэдний 2250 нь нас барж байжээ. Энэ бол халдвар авсан хоёр хүн тутмын нэг нь нас бардаг эбола өвчин 2018 онд ийнхүү дэгдэхдээ өвчилсөн гурван хүн тутмын хоёр нь нас барж байсан юм.

ДЭМБ-ын зүгээс “Covid-19” вирусийн хүнээс-хүнд халдах тархалтын хурд буюу “R0”-г 1.4-2.5 гэж тодорхойлсон. Энэ тоог Хятадын хэсэг эрдэмтдийн баг 3.3-5.47 гэж тооцоолж буй. Тэгвэл ДЭМБ 2014 онд Эбола вирусийн хүнээс-хүнд халдах тархах хурдыг 1.5-2.5 гэж тодорхойлсон байдаг нь “Covid-19”-тэй ижил үзүүлэлт юм. Үүнээс хойш Эбола вирусийн “R0” 2.5-2.6 болж нэмэгдсэн болохыг дэлхийн хэд хэдэн гурав болон дөрөвдүгээр төвшний лабораториудын судалгаагаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл эдгээр өвчнүүдийн тархах хурд харьцангуй ойролцоо аж.

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад 2018 онд Эбола вирусийн дэгдэлт тохиоход үндсэндээ хөрш есөн улсад нь тархалт идэвхтэй гарч байжээ. Гэсэн ч “Covid-19” вирус өнөөдөр дэлхийн 25 оронд тохиолдол бүртгэгдэж цаашид онц хурдтай тархах хандлагатай болж байгаа нь энэхүү өвчин БНХАУ гэх хүн ам ихтэй, аварга том зах зээлд дэгдсэнтэй холбоотой гэж Рутгер их сургуулийн профессор Стивен Миллер үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл Конгод ирж, буцдаг жуулчид болон БНХАУ-д жуулчилдаг хүмүүс төдийгүй эдийн засгийн нөөц бололцооны хувьд энэ хоёр орон нь хоорондоо асар зөрүүтэй байгаа нь эдгээр өвчин дэлхий дахинд цаашид хэр хурдтай тархсан, тархсаар байгаатай шууд холбоотой байж болох юм.

Үүнийг илүү тодорхой болгох үүднээс “Covid-19” вирусийн голомт болоод байгаа Ухань хотын аялал жуулчлалын талаарх хамгийн сүүлийн үеийн статистик тоо баримтыг дурджээ. Хятадын эрх баригчдын мэдээлснээр Уханьд өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд хөл хорио тогтоохоос өмнө тус хотын нийт 5 сая орчим оршин суугчид Бээжин, Шанхай, Нанкин, Чэнду, Гуанжоу зэрэг Хятадын хүн ам олноор төвлөрсөн 30 гаруй чиглэлд хотыг орхин гарсан байна. Эдгээр хүмүүсийн тал хувь нь өнгөрөгч нэгдүгээр сарын 10-наас өмнө Хятадын Цагаан сарын баярыг тохиолдуулан Уханийг орхисон бол, үлдсэн хэсэг нь нэгдүгээр сарын 23-нд хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнө хотоос дүрвэжээ.

Тэгвэл Хятадын нислэгийн хяналтын “Flight Master” платформын мэдээлснээр “Covid-19” вирусийн тархалт анх дэгдсэн өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-аас энэ оны нэгдүгээр сарын 22 буюу хөл хорио тогтоох хүртэл халдварын голомт болоод буй Ухань хотоос Тайландын Суварнабхуми олон улсын нисэх онгоцны буудал руу 11558, Сингапурын Чанги ОУНБ руу 10680, Японы Нарита ОУНБ руу 9080, Тайландын Дон Муэанг ОУНБ руу 9000, Хонконгийн ОУНБ руу 7078, Өмнөд Солонгосын Инчеоны ОУНБ руу 6430, Японы Кансай ОУНБ руу 6272, Макао руу 6145, Тайландын Пукет арал руу 6116, Малайзын Кота Кинабалу ОУНБ руу 6048 хүн тус тус зорчсон байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу