2019-09-25

Монгол улс “Ахмадын баяр”-ыг 27 дахь жилдээ тэмдэглэж байна

zandanshatar-ahmad-ajilchid
Монгол улс "Ахмадын баяр"-ыг 27 дахь жилдээ тэмдэглэж байна

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр 29 дэх жилдээ, харин Монгол Улсад 27 дахь жилдээ ёсчлон тэмдэглэж байна.

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2019.09.24) Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 90 гаруй ахмадтай юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Саяхан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж, анхдугаар чуулган хуралдсаны 29 жилийн ойн өдөр тохиосон. Харин өнөөдөр байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар байгуулагдсаны 29 жилийн ой мөн тохиож байна. Та бүхэндээ УИХ-ын Тамгын газар байгуулагдсаны 29 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Ахмадын өдрөөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг, санал сургаалийг нь сонсдог уламжлал хэдийнээ тогтсон. Та бүхэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдах эхлэлийг тавьсан түүхэн гавьяатай хүмүүс. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал болон үе үеийн УИХ-д гишүүнээр, УИХ-ын Тамгын газарт олон төрлийн ажил мэргэжлээр ажиллаж байсан Монгол төрийн жинхэнэ түшээд Та бүхний дунд олон бий.

~УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв~

Ард түмэндээ үйлчлэх, төрдөө үнэнчээр зүтгэх төрийн албаны мөн чанарыг тууштай, тогтвортой сахиж чадсан хүмүүс бол яах аргагүй УИХ-ын Тамгын газрын ахмадууд билээ. Та бүхэнтэйгээ зөвхөн баярын өдрөөр уулзаад өнгөрөх нь хангалтгүй. Тиймээс УИХ-ын Тамгын газраас ахмадуудтайгаа ойр ойрхон ажил хэргийн уулзалтыг хийж, зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, үнэ цэнэтэй туршлагаас нь суралцах, зөвлөмжийг нь авдаг байх шинэ санаачилгыг гаргаж байгааг дуулгахад таатай байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Мэдээлэл, судалгааны төвийг бие даасан газар болгохоор ажиллаж байгаа. Энэ намар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Иргэд, олон нийтэд төслийн агуулгын ач холбогдлыг сурталчлан таниулах, тайлбарлах ажилд Та бүхнийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Улсын Их Хурлаас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байна. Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд 7 жилээр нэмэгдсэн байна. Иймд цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой. Сайн талаас нь харвал ажлын чадамж, ажил гүйцэтгэх чадвар хэвээрээ байгаа бол сөрөг тал нь насжилтаа дагаад эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн санд таагүй байдал үүсгэх магадлалтай болж байна. Манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд үүнийг тооцож ажиллах шаардлага үүсэж байгаа. Энэ жил ахмадын өдрийг дэлхий даяар “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д заасан ахмадуудыг нас, хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, угсаа гарал, орлогын байдал болон бусад статусаас үл хамааруулан нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах боломжийг хууль, эрх зүйгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх уриан дор тэмдэглэж байна” гээд Монгол Улсын Их Хурлаас ахмад настнуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, цалин орлого аж байдлыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан Н.Тогтох үг хэлж, Монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Хүндэтгэлийн уулзалтад Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан 60 гаруй ахмад оролцлоо.

 УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс