Олон улсын олимпын хороо: ‘Токио 2020’-ыг хойшлуулах боломжтой

1191

Олон улсын олимпын хороо(ОУОХ)-ны удирдлага ням гаригт шуурхай хуралдсаны дараагаар ирэх долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар төлөвлсөн “Токио 2020” зуны олимпын наадмыг хойшлуулах боломжтой талаар мэдэгдсэн юм.

ОУОХ-ны зүгээс “COVID-19” цар тахлын дэгдэлтийн улмаас “Токио 2020” олимпын наадмын нээлтийг хойшлуулах эсвэл наадам зохион байгуулах товыг нэг ба түүнээс дээш жилээр сунгах эсэх асуудлыг шийдэх хурлыг хийхээр болсон бөгөөд олимпыг бүрмөсөн цуцлахгүй гэсэн байр суурийг албан ёсны мэдэгдлээр дамжуулан илэрхийлжээ. Одоогоор хурал хэзээ болох талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч ОУОХ-ноос энэхүү асуудлыг ирэх дөрвөн долоо хоногт эцэслэн шийдвэрлэх хүлээлттэй байгаа аж.

Хүн төрөлхтний түүхэнд энхийн цагт олимпын наадмыг цуцлах эсвэл хойшлуулсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Тэгвэл дээрх албан ёсны байр суурийг Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо(ДХАХ), Олон улсын паралимпын хороо(ОУПХ) болон зарим улсын үндэсний олимпын хороод тэргүүтэй байгууллагууд хүндэтгэн хүлээн авч байгаа талаараа мэдэгдээд байна.

Гэсэн ч ОУОХ болон бусад спортын холбоодоос ирж буй дарамт, шахалтыг үл харгалзан “Токио 2020” зуны олимпыг зохион байгуулах комиссын зүгээс наадмыг төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулна гэх байр суурь дээр хатуу зогссон хэвээр байгаа юм. Зохион байгуулагч Токио хот өнгөрөгч баасан гаригт олимпын бамбарыг хүлээн авсан.

ОУПХ-ны Ерөнхийлөгч Эндрю Парсонс ирэх наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 6-ны хооронд зохион байгуулагдах Токио 2020 Паралимпын наадмыг хойшлуулах нь нөхцөл байдалд тохирсон хамгийн зөв шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин ДХАХ-ны зүгээс ОУОХ-ны дэвшүүлсэн хувилбарыг дагахаа мэдэгдэж, удахгүй болох хурлаас ямар ч шийдвэр гарсан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн сүүлийн 48 цагийн хугацаанд Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэх хандлага спортын томоохон холбоодын хүрээнд хүчтэй нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал, АНУ-ын Трек, талбайн спортын холбоо болон Их Британийн Хөнгөн атлетикийн холбооны зүгээс Үндэсний олимпын хороодтойгоо хамтран “COVID-19” цар тахлын дэгдэлтийн улмаас олимпыг хойшлуулахыг уриалсан юм. Тэдний зүгээс вирусийн тархалтын улмаас тамирчид бэлтгэл, сургуулилтаа базаах боломжгүй нөхцөл байдал үүссэний дээр аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй гэх байр суурийг илэрхийлжээ. Харин Канад улсын Үндэсний олимпын хорооны зүгээс даваа гаригт тамирчдаа Токио 2020-д илгээхгүй гэдгээ мэдэгдэж, олимпын наадмыг дор хаяж нэг жил хойшлуулахыг уриаллаа.

Image result for tokyo 2020

Үүнээс гадна олимпын наадамд оролцох эрхээ аль хэдийн авсан хэд хэдэн нэр хүндтэй тамирчид үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан ямар ч тохиолдолд “Токио 2020”-д оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, Германы туялзуур жадны тамирчин, дэлхийн аварга, Германы олимпын тамирчдын комиссын тэргүүн Макс Хартунг бямба гаригт “Хэдий би Токио 2020 олимпд өрсөлдөх эрхээ авсан ч бусад тамирчдын аюулгүй байдлын төлөө уг наадмыг бойкотлож байна” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу