“Рио Тинто” группийн Монгол дахь салбар хариуцсан захирлаар Их Британийн иргэн Даниел Вораллыг томилсон талаар “The Australian Financial Review” сэтгүүл мэдээлжээ.

Өмнө нь “Рио Тинто”-гийн Монгол дахь салбар хариуцсан захирлаар Монгол Улсын иргэн Д.Мөнхтүшиг ажиллаж байв. Тэрээр жил гаруйн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байсан юм.


Даниел Воралл өмнө нь газрын тос олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Exxon Mobil”, “Sheel” болон “Total” зэрэг компаниудад гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан, хэд хэдэн хөгжиж буй оронд томоохон төслүүд хэрэгжүүлж, Засгийн газруудтай хамтран ажилласан туршлагатай нэгэн юм. Тухайлбал, тэрээр 2014-2017 онд Их Британийн “Exxon Mobil” компанийг удирдан Папау шинэ Гвиней улс дахь газрын тосны аварга төслийг тус улсын Засгийн газартай хамтран эхлүүлж байв. Үүнээс өмнө Даниел Воралл Их Британи-Голландын “Royal Dutch Shell” болон Францын үндэстэн дамнасан “Total” компаниудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Казахстан, Туркменистан, Азербайжан зэрэг орнуудад Засгийн газрууд болон хөрөнгө оруулагч талуудын харилцааг хариуцан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байжээ.

Тиймээс түүнийг уул уурхайгаар дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” компани өөрсдийн голлох төслүүдийн нэг болох Оюутолгойн зэс, алтны уурхайн эргэн тойронд Монголын Засгийн газартай үүссэн үл ойлголцлыг шийдвэрлүүлэх зорилгоор томилсон талаар “The Australian Financial Review” сэтгүүлд онцлон дурджээ.

Оюутолгой төслийн эргэн тойронд өнгөрөгч онд Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд нэлээдгүй зөрчил үүссэн. Тухайлбал, Монголын талаас 2015 онд байгуулагдсан “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г хууль бус гэж үзсэн юм. Үүнийг Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл” болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл”-ын 50.79 хувийг эзэмших замаар Монгол дахь Оюутолгойн төслийг хариуцагч “Рио Тинто” компани хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Үндсэндээ Оюутолгой төсөл нь Монгол Улсад хамгийн их ажлын байрыг бий болгож, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр төвлөрүүлэн, тус улсын эдийн засгийн хувьд чухал суурь болдог. Гэсэн ч Монголын улстөрчид уг төслөөс илүү их ашиг хүртэх ёстой талаар байнга ярьдаг. Монголын эрх баригчдын зүгээс Оюутолгой дахь хувь эзэмшлийн 34 хувиа шилжүүлэх замаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлж магадгүй гэх тодорхой дохиог өгсөн.

Монголын Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард ашигт малтмалын хайгуулын лиценз олголтыг зогсоох шийдвэр гаргасан нь цаашид тус улс дахь хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдал үүсгээд буй.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу