АНУ-ын хэмжээнд лхагва гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 188592 тохиолдол, 4055 нас баралт бүртгэгдээд байна.

Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч даваа гаригт улсын хэмжээнд хөл хорих хугацааг ирэх дөрөвдүгээр сарын  30-ны өдрийг хүртэл дахин 30 хоногоор сунгах шийдвэр танилцуулсан. Ингэснээр нийт 331 сая хүн амтай тус улсын хэмжээнд 270 сая орчим иргэн гэртээ тусгаарлагдаад байгаа юм.

Hold the “Quarantinis”: Alcohol and Novel Coronavirus Might Not ...

Хөл хорих арга хэмжээтэй холбоотойгоор АНУ-ын эдийн засаг зогсонги байдалд орох эрсдэл нүүрлэсэн. Тухайлбал, БНХАУ-д үйлдвэртэй АНУ-ын томоохон технологи, автомашин үйлдвэрлэгч компаниудаас гадна “Boeing” тэргүүтэй хөлөг онгоц үйлдвэрлэгч компаниудын хувьд хохирлын хэмжээ хамгийн өндөр байна. Санхүүгийн зах зээлийн хувьд АНУ-ын Холбооны нөөцийн сан болон эрх баригчдын зүгээс “COVID-19”-тэй холбоотой эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, багц хөтөлбөрүүд гаргахаар ажиллаж байгаа ч Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр уналт үргэлжилсээр байгаа юм. Мөн эрчим хүчний салбарт гарсан нефтийн үнийн уналтаас шалтгаалж дэлхийн хамгийн том газрын тос олборлогч, үйлдвэрлэгч тус улсын эдийн засагт үлэмж хэмжээний алдагдал нүүрлэх эрсдэл үүссэн.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс АНУ-ын ДНБ-ий өсөлт энэ онд таамаглаж байснаас 0.4 хувь буурч 1.9 хувь болно гэх таамгийг дэвшүүлсэн. Үүнээс гадна АНУ-ын Төрийн департментийн Хөдөлмөр эрхлэлт, сургалтыг дэмжих менежментийн албаны тайланд “COVID-19” цар тахалтай холбоотой ажилгүйдлийн төвшин тус улсад 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралтай харьцуулахад 10 дахин хурдацтай нэмэгдэж байгаа талаар онцолсон. АНУ-ын хэмжээнд 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралын үед 37 сая орчим хүн ажилгүй болж байжээ.

Харин АНУ-ын голлох нэр төрлийн түүхий эдийн орлого 2020 онд “WTI Crude” маркын газрын тос 58.17 хувь, эрдэнэ шиш 10.59 хувийн алдагдал хүлээх урьдчилсан тооцоог зах зээлийн судалгааны “FactSet” компанийн судалгааны тайланд танилцуулсан юм. Тэгвэл уг судалгаанд жүржийн шүүс 19 хувь, алт 7.38 хувь, үр тариа 2.32 хувиар орлого тус тус нэмэгдсэн тооцоо гарчээ.

Хамгийн сонирхолтой нь дэлхийн хэмжээний зах зээлийн судалгааны “The Nielsen” корпорацийн хийсэн судалгаагаар АНУ-ын иргэдийн алкоголийн хэрэглээ сүүлийн гурван долоо хоногт 55 хувь өссөн байна. Үүнээс текила, жин, үйлдвэрийн коктель зэрэг алкоголийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт 75 хувь, дарсны борлуулалт 66 хувь, шар айрагны борлуулалт 42 хувь тус бүр өсжээ. Харин онлайн алкоголийн борлуулалтад хамгийн өндөр буюу 243 хувийн өсөлт гарсан байна. “The Nielsen” корпорацийн дэд Ерөнхийлөгч Данелл Космал алкоголийн хэрэглээ, тэр дундаа онлайн алкоголийн худалдаа огцом нэмэгдсэн явдлыг АНУ-ын хэмжээнд хөл хорьж, иргэдийн дунд эрэлт огцом өссөнтэй холбон тайлбарласан юм.

Эх сурвалж: Quartz, New York Times, Associated Press

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу