2019-04-09

Өглөөний 7-10 цагт зам хааж, гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулна

gamshig
Өглөөний 7-10 цагт зам хааж, гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулна

Сүүлийн 30 жилд анх удаагаа зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулахаар болсон.

Сургуулилалтын арга хэмжээ энэ сарын 24-ний өдөр нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно.

Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулиалт болно. Энэ үеэр буюу 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Энэ өдөр өглөөний 08:00 цагт зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстойг онцгой байдлын албаныхан хэллээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад бүх хүн оролцох ёстой тул цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ажил эхлэх цагийг хойшлуулна. 09:30 цаг хүртэл дадлага, сургуулилалт үргэлжилж, 10:00 цагаас эхлэн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, албан байгууллагын ажил эхлэх юм. Дадлага сургуулилалттай холбогдуулан газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх аж.

Тэрхүү хуудсыг дадлага оролцохдоо авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэх юм байна. Ийнхүү тэмдэглүүлснээр дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлийг мөн хийх юм.