“Шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн 04 сарын 11нд болно

1609

СУИС -ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын “ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2019”
уран бүтээлийн уралдаан, үзэсгэлэнгийн нээлт

2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 17:00 цагт “Norphei” арт галерей-д зохион байгуулагдана.

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас оюутнуудынхаа бие даах чадварыг сайжруулах, мэргэжлийн чиглэлийн дагуу уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт эерэгээр нөлөөлөх, “Бүтээлч-оюутан” гэсэн үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Шилдэг бүтээл”-ийн уралдаант үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

2017-2018 оны хичээлийн жилд тус уралдаан маань 1-2-р курс, 3-4-р курсын оюутнуудын дунд сургалтын заах арга зүйн суурь болсон “Зохиомж”, “Хар зураг”, “Уран зураг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Жилээс жилд оюутнуудын идэвхи, оролдлого, бүтээлч сэтгэлгээний цар хүрээ, уран бүтээлдээ хандах хандлагад өөрчлөлт орж байгаа нь уралдаанд ирж буй оюутнуудын ажлуудаас тодорхой харагдаж байгаа бөгөөд уралдааны ач холбогдлыг ч мөн адил тодорхойлж байна.
Энэ удаагийн уралдаанд уран зураг, монгол зураг, зураасан зураг, монументаль уран зураг, уран баримал, уран дархан, уран сийлбэр, чимэглэх урлаг, арьсан урлаг, график дизайн мэргэжлийн 80 гаруй оюутан 90 гаруй бүтээлээрээ авъяас, ур чадвараа сорин оролцлоо.

Тус уралдаанаас Гран при шагналын эзэнд СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос, Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал доктор, дэд профессор Д.Уранчимэгийн нэрэмжит шагнал, сэдэв тус бүр дээр 1, 2, 3-р байрыг эзлүүлэн урамшуулдаг билээ.

Та бүхэн монголын ирээдүйн дүрслэх урлагийн төлөөлөл болсон оюутан залуусын уран бүтээлээр мэлмийгээн мялаан төгс мэдрэмж, сэтгэлийн цэнгэл эдлэн морилон саатахыг урьж байна.

СУИС -ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн
Дүрслэх урлаг, онол түүхийн тэнхим

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу