АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дунд хүү Эрик Трамп “COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио хэрэгжүүлэх арга хэмжээ нь сөрөг хүчин Ардчилсан намын хувьд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах улс төр. Цар тахал ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ид шидийн мэт алга болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр бямба гаригт “Fox News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ вирусийн тархалтыг таслан зогсоох зорилгоор хөл хорио хэрэгжүүлсэн явдал нь 89000 гаруй америкуудын амь насыг авч одоход нөлөөлсөн гэжээ. Эрик Трамп сөрөг хүчин Ардчилсан нам Доналд Трампын Засаг захиргааны сүүлийн дөрвөн жилд хийсэн эдийн засгийн өсөлтийг сааруулж, сонгуульд ялах магадлалыг нь бууруулах зорилгоор хөл хориог хэрэгжүүлэхийг уриалан, бизнесүүдийн үйл ажиллагааг зогсоосноор тус улсын эдийн засагт үүсэх хямралаас улс төрийн ашиг хонжоо олох зорилготой гэж шүүмжилсэн байна.

Тэрээр “Ардчилсан намынхан Доналд Трампын сонгуулийн кампанит ажлыг унагахыг зорьж байгаа. Миний эцэг сонгогчидтой уулзах бүрд дор хаяж 50000 хүн цугладаг. Дэд Ерөнхийлөгч асан Жой Байдены кампанит ажилд сонгогчид тийм ч идэвхтэй оролцдоггүй. Тиймээс тэр хөл хориог маш ихээр дэмжиж байгаа. Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Доналд Трампын ард түмэнтэйгээ холбогдож чаддаг тэр давуу байдлыг үгүй болгохыг хичээж байна. Та бүхэн өнөөдрөөс эхлэх ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл болох бүх үйл явдлыг сайтар ажиглах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан бай арваннэгдүгээр сарын 3-аас хойш хөл хориог цуцалж, бизнесүүд эргээд хэвийн үйл ажиллагаандаа шилжин, цар тахал ид шидийн мэт алга болно” гэжээ.

Эх сурвалж: Time

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу