Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

720
Bayrtsaikhan
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тэрээр энэ сарын 15-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байна.

Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэллээ. Ингээд санал хураалтаар 57.1 хувийн саналаар Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

УИХ-ын гишүүн Д.Лүнджээжанцан: Сонгуулийн мөчлөгөөр Монголбанкны ерөнхийлөгч томилогддог боллоо. Одоо мөчлөгдөө хүрэхгүй солигдож байна. Би үүнд санаа зовж байна. Хөгжингүй орны төв банкны удирдлага солигдоод байдаггүй. Гэтэл манайх эсрэгээрээ байх юм. Монголбанкны ерөнхийлөгч 15-20 минутын мэдээлэл хийх хүсэлтээ байна гэдгээ илэрхийлсэн байна. Мөн цаашдаа манай улс юун дээр анхаарах вэ гэдгийг маш сайн бичсэн байна. Банкны удирдлагуудыг хурдан хурдан сольж байгаа нь мөнгөний ханшны хэлбэлзэлд нөлөөлж байна. Биднийг тосон ирж байгаа эдийн засгийн хүндрэлүүдийн үед банкны ерөнхийлөгч солигдож байгаатай холбоотойгоор мөнгөний донсолгоо гаргахгүй байх боломж бий юү?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эдийн засгийн байнгын хороон дээр ийм асуултыг гишүүд асууж байсан. Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн өргөдөл дээрээ дурдсан асуудлууд байгаа нь үнэн. Хамгийн түрүүнд хариуцлагын асуудал байх ёстой гэдийг байнгын хорооны гишүүд хэлж байсан. Энэ зөвхөн саарал жагсаалттай холбоотой асуудал биш. Арилжааны банк дампуурсан, төр, иргэдийн мөнгийг эрсдэлтэй байдалд оруулсан, гишүүдээс гаргасан санал гээд маш олон үндэслэлээр хариуцлагын асуудал хөндөгдсөн. Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн солигдсоноор зах зээл дээр донсолгоо үүсэхээс сэргийлж ажиллаж ёстой. Цаг хугацаа алдах, оновчгүй томилгоо хийхгүй байх тал дээр Их хурал анхаарч ажиллах ёстой.

~Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв~

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Би хувьдаа их харамсаж байна. Н.Баяртсайхан өөрийн өргөдөлдөө үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж байсандаа баяртай байна гэж байна. Би ч нэр төртэй биелүүлсэн гэдэгт санал нэг байна. ФАТА-ын дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар саарал жагсаалтад оруулсан. Энэ дөрвөн асуудлын аль нь ч Монголбанктай холбоогүй байгаа. Бусад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар саарал жагсаалтад орсон. 2016 онд Монгол Улс дампуурлын ирмэг дээр ирсэн. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд, Н.Баяртсайхан дарга дампуурлаас гаргах ажилд гар бие оролцож байсан. Ийм нөхцөл байдлаас аварсан хүмүүстээ хариуцлага тооцно гэж яриад байх юм. Өмнө нь Н.Баяртсайхан ерөнхийлөгч ил захидалдаа асуудлаа яръя гэж байсан. Гэтэл яагаад яриулахгүй байгаа юм бэ. Асуудал мэдэж байгаа хүмүүсээсээ асуусан дээр юм биш үү. Шахсаар байгаад өргөдлийг нь өгүүлсэн байж таарна. Эдийн засагт нэлээд ахиц дэвшил гарч байгаа. Валютын нөөц сүүлийн хоёр жил дөрөв дахин өссөн. Алдагдал 1.5 их наядаар буурсан. Төрийн мөнгөний бодлогыг их хурал баталдаг. Мөнгөний бодлоготой холбоотойгоор хариуцлага тооцож байгаа бол буруу шүү.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эдийн засгийн өсөлт, валютын нөөц нэмэгдсэн нь дан ганц төв банкны ерөнхийлөгчийн хийсэн ажил биш. Олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Нэлээд дэлгэрэнгүй сонсож ярилцсан. Эдийн засгийн өсөлтүүд, төсвийн алдагдал буурсан олон эерэг үзүүлэлт байгаа боловч саарал жагсаалтад орсон нь банк санхүүгийн байгууллагын хяналт шалгалттай холбоотой асуудал гэдгийг олон хэлсэн. Тиймээс өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу