Сар руу хөлөг нисгэх код бичих нь смартфон ажиллуулах кодоос амархан

113

“Андэрсэн Академи”-ийг хамтран үүсгэн байгуулагч, Маркетинг олон нийт хариуцсан захирал Б.Эрдэмсайхантай ярилцлаа.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы улмаас сургалтын төвүүд хаалгаа барьж, танай сургалтын төв шинээр нээгдэж буй юм байна. Яагаад ийм эгзэгтэй үед сургалтын төвийн үйл ажиллагаагаа эхлэхээр шийдсэн бэ?

-Дэлхий дахинд үүсээд байгаа энэхүү цар тахлын нөхцөл байдал нь эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн бүх түвшинд олон тодорхойгүй байдал бий болгож байгаа нь үнэн боловч нөхцөл байдал яаж хүндэрсэн ч боловсролын асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй гэдэг зарчмыг бид хамгийн чухал гэж үздэг. Япончууд үер ус, газар хөдлөлтийн аливаа гамшгийн үед анхны тусламжийн багцдаа цэвэр ус, хүүхдийн ном хоёрыг нэн тэргүүнд явуулсан тухай уншиж байсан юм. Энэ нь хүн усгүй бол цангаж үхэх эрсдэлтэй байдагтай адил мэдлэг, боловсролгүй бол ирээдүйгүй гэж үздэгтэй холбоотой юм. Мөн дайн, байлдаан бүхий Палестин улсад хүртэл сургуулийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад онцгой анхаардаг байна. Иймд “Ковид-19” цар тахал идэвхтэй үргэлжилсээр байгаа энэ үед ч Монголын залуус чадвараа нэмэгдүүлэх боломжтой байх ёстой гэсэн зарчмын үндсэн дээр эрсдэлтэй хэдий ч сургалтын төвийн үйл ажиллагаагаа нээхээр шийдсэн. Мэдээж халдвар хамгааллын нөхцөл, шаардлагыг бүрэн биелүүлж ажиллана.

-“Код бичиж сурцгаая” хөтөлбөрийнхөө талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Бичгийн хэлний хамгийн суурь чадвар буюу тухайн хэлний үг, үсгийг ойлгож, тэднийг ашиглан уншиж, бичих чадвар эзэмшсэн хүнийг “бичиг үсэгтэн” гэж тодорхойлдог бол дижитал орчны платформуудыг ойлгон, тэдгээрийг ашиглан зураг, текст, видео гэх мэт олон янз байдлаар мэдээлэл хүлээн авч, түүнийг боловсруулах чадварыг “дижитал бичиг үсэгтэн” хэмээн тодорхойлдог. Өнөөдрийн дижитал эрин үед зөвхөн гар утасны платформуудыг ашиглаж чадах нь хангалттай биш бөгөөд таныг амжилттай, орлоготой байхад нөлөөлөх чадварыг тань нэмэгдүүлэх “Код бичиж сурцгаая” хөтөлбөрийг манай сургалтын төв санал болгож байна.

Манай компанийн эрхэм зорилго бол “Дижитал бичиг үсэгтэн” гэх ойлголтыг тренд болгож, ирэх таван жилийн хугацаанд нийт 27000 хүнд энэхүү чадварыг өдөр тутам эзэмшүүлэх, 5000 хүнийг код бичиж сургах, түүнээс 2000 хүнийг нарийн мэргэжлийн программист/кодэр болгох үндсэн зорилтууд тавин ажиллаж байна.

Уг төслийн үйл ажиллагааг бид хоёр жилийн хугацаанд судалж, төлөвлөсөн бөгөөд ижил төрлийн олон улсын хөтөлбөрүүдтэй харьцуулалт хийсний үндсэн дээр Их Британийн 6400 сургуулийн албан ёсны хөтөлбөрт орсон “Код бичиж сурцгаая” хөтөлбөрийг сонгож авсан. Энэхүү хөтөлбөрт ашигладаг сурах бичгийг орчуулах, сургалтын гарын авлага боловсруулах зэрэг ажиллагаа хийхэд тавигдах стандарт, нөхцөл шаардлага, түүний үр дүнгийн үзүүлэлт, тайлан зэрэг багагүй шалгуурыг даван туулсны үндсэн дээр “Код бичиж сурцгаая” хөтөлбөрийн албан ёсны эрхийг авсан.

IT-ийн буюу мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж буй монгол залуусын олон жишээ бий. Apple, Google, MS, Amazon, Twitter зэрэг дэлхийн хэмжээний корпорацуудын ахлах IT инженерүүд нь монгол залуучууд байдаг болсон тухай бүгд л ярьцгаах болсон. Гэхдээ тэдгээр хүмүүсийн хувьд гадаадад ажиллаж, амьдарч байгаа болохоор тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд татвар, хураамжаа тухайн улсдаа төлдөг учир Монгол Улсын эдийн засгийн хувьд шууд нөлөөлөх боломжгүй байдаг. Харин Монгол Улсдаа ажиллангаа, гадаад улсын компаниас цалинжаад байвал энэ нь эдийн засагт бодит хувь нэмэр оруулах боломжтой юм. Ер нь сургалтаа ⅓ зарчмаар явуулна гэж төлөвлөж байгаа.

-Ковидоос улбаалсан санхүү, эдийн засгийн хямрал дэлхий даяар нүүрлэж байна. Энэ нөхцөлд гаднын үнэтэй код бичих хөтөлбөр хэр амжилттай явна гэж харж байгаа вэ?

-Код бичнэ гэхээр эрэгтэй хүмүүсийн ажил шиг л санагддаг. 1815 онд төрсөн Ada Lovelace гэдэг эмэгтэйг Дэлхийн хамгийн анхны кодер гэж үздэг. Тэгэхээр бид эмэгтэйчүүд код бичиж чадахгүй гэсэн ойлголтыг эвдэхийг хүсч байна. Код бичнэ гэхээр их хэцүү гэж хүндээр ойлгоод байдаг. Гэтэл сар руу хөлөг нисгэх код бичих нь смартфон ажиллуулах кодоос амархан гэлцдэг.

-Та үс засч сурах нь амархан гэж бодож байна уу, код бичиж сурах амархан гэж бодож байна уу?

-Мэдээж үс засах нь илүү амархан байх. Гэхдээ бид үс засч сурахтай адил амархнаар код бичиж сургахаар заах боломжтой. Үр дүнгийн ялгааг та гадарлаж байгаа биз дээ.

-Та түрүүнд ⅓ зарчим гэж ярьсан. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач.

-Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгууллагууд маш олон бий. Тэдгээр байгууллагуудад бид ⅓-ийг та төл, үлдсэн ⅓-ийг суралцагч өөрөө гаргах юм бол манай зүгээс үлдсэнийг тэтгэлэг болгон олгох боломжийн тухай юм. Ингэснээрээ компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй бодит үр дүнтэй ажил болохын зэрэгцээ ирээдүйд тэдгээр компаниудын хүний нөөцийн асуудалд хүртэл ач тустай. Энэхүү саналыг маань сонирхож байгаа Монголын томоохон групп корпорацууд, олон улсын донор байгууллагууд, хувь хүмүүс хүртэл эхнээсээ дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаад бид их баяртай байна. Суралцагчийн хувьд тодорхой хэмжээнд өөрөө төлбөрөө гаргаж байж идэвхтэй, тууштай суралцдаг олон улсын жишиг байна. Бид суралцагчаа тэтгэлэгт хөтөлбөрт сонгож авахдаа нарийн боловсруулсан, туршигдсан сэтгэлзүйн тестүүд авч, хүмүүсээ кодер болох уу, сүлжээний инженер болох уу гэх мэтчилэн авьяас ур чадварыг нь тодорхойлж, түүн дээрээ үндэслэсэн сургалт явуулна. Уг тестийг Оксфордын Их сургуульд магистр хамгаалсан сэтгэл зүйч, манай удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Б.Жавзан хариуцаж ажилладаг.

-Танай тэтгэлэгт хөтөлбөрт ямар насны, ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-Ямар ч хүн байж болно. Та өөртөө итгэлтэй, энэ чиглэлээр сурах сонирхолтой байхад л болно. Бид тест аваад, кодчиллын ерөнхий мэдлэгийг заасны үндсэн дээр, цаашид таныг кодер болох уу, эсвэл UI, UX дизайнер болох уу, эсвэл сүлжээний инженерээр суралцахад таны хандлага, чадвар тохирч байна уу гэдгийг тодорхойлоод, танд таарсан сургалт явуулна. Үүнээс гадна тэтгэлэгт хөтөлбөрт өрх толгойлсон ээж, аавууд, 8+ насны охид хөвгүүд, насанд хүрэгчид, компьютер дээр ажиллах боломжтой тусгай хэрэгцээт хүмүүс гэх мэт 8 настай балчраас 80 настай буурал хүртэл ойлгох хэмжээний маш ойлгомжтой хөтөлбөрөөр бид сургалтаа явуулна.

Компьютерүүд чинь өөрөө чиний найз. Компьютертэйгээ харьцахын тулд “дижитал бичиг үсэгтэн” гэдэг юмыг ойлгосон байх шаардлагатай. Хэрэглэх багажаа бүрэн ойлгож, хамтарч ажиллахын тулд хэлийг нь ойлгох хэрэгтэй.

-Монголчуудын интернэт хэрэглээ өндөр гэж ярьдаг. Үүнийг эдийн засгийн ач холбогдолтой болгоно гэж хэлэх гээд байна гэж ойлгосон, зөв үү?

-Интернэт хэрэглээ гэхээр фейсбүүк дээр сэлфи постлох, pubG, Dota, MLBB тоглохыг ойлгодог. Гэтэл энэ нь ердөө мөсөн уулын орой юм аа. Би нэг тоо дурдъя. Өндөр ашигтай харагддаг Box Office буюу кино зах зээл 2019 онд 42 тэрбум доллар байсан. Гэтэл мөн оны дэлхийн тоглоомын зах зээл 159 тэрбум доллар байсан. Тэр 159 тэрбум доллароос ердөө 0.1%-ийг нь зулгаана гэж төсөөлье, тэр нь 159’000’000 доллар болж байна. Энэ нь 459’150’000’000₮ гэсэн үг. Гэтэл энэ нь Говь ХК-ийн 2020 эхний хагас жилийн борлуулалтаас 12 дахин өндөр юм.

Манай “Андэрсэн Академи” нь XI зууны шинэ чадваруудын нэг болох код бичих сургалт зохион байгуулж, ирээдүйн хамгийн эрэлттэй мэргэжилтэн болоход нь залуучуудад туслах, хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд тулгуурлан ажилгүйдлийг багасгах зорилготойгоор байгуулагдсан.

Бид сургалтаараа код бичих тухай үндсэн ойлголтоос гадна манай хөтөлбөрийн туршигдсан ном, сургалтын материалын тусламжтайгаар сурагч нартаа видео тоглоом, аппликэйшн, анимэйшн болон вэбсайт бүтээх, Python хэл дээр код бичих зэрэг үндсэн суурь ойлголтууд өгөх болно.

Кодтой хамт заавал мэдэх ёстой Internet literacy буюу интернэтийг ойлгох түүнийг хэрхэн ашиглах, мэдээлэл хайх, мэдээллийн үнэн зөвийг ялгаж сурах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим иргэншил гэж юу вэ гэдэг талаар ойлголт өгнө.

-Гадаад, дотоодын байгууллагуудад зуучлах боломжтой гэж байна. Тэгэхээр танай сургалтын төвд сураад, гадаад дотоодоос ажил авах боломжтой түвшинд очно гэж ойлгож болох уу?

-Тийм. Гэхдээ зөвхөн ажил хийх чадвартай болгохоос гадна бид өөрсдөө харилцагч гадаадын байгууллагуудаас ажил авч өгч ажиллана. Тэгэхийн тулд кодыг маш цэгцтэй, дэлхийн стандартаар бичиж сурах хэрэгтэй. Энэ нь зөвхөн Coding Bootcamp-аар дамжиж гарсан сурагчдад боломжтой.

Нэмж хэлэхэд Bootcamp гэдэг нь “Эрчимжүүлсэн кодны мэргэжлийн хөтөлбөр” бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсанаар стандартын дагуу код бичих, төвлөрч сууж сурах, өндөр үр бүтээлтэй ажиллаж, амьдрах боломжийг давхар олгоно.

Ирээдүйн ажил мэргэжлүүд өөрчлөгдөж байна. Устаж үгүй болох ажлууд маш их болсон. Бид ирээдүйд технологийн хэл буюу кодны хэлгүйгээр хол урагшлахгүй гэдгээ эртхэн ойлгоод, түүнд өөрсдийгөө бэлдэж эхлэх цаг хэдийнэ болсон. Наад зах нь зарим улс орнууд ЕБС-ын сургалтын хөтөлбөртөө код бичих чадварыг заагаад эхэлсэн. Тэгэхээр бид тэрхүү дэлхийн боловсролоос монгол хүүхдүүддээ хүртээж, шилдгүүдийг шигшин, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварлаг мэргэжилтнүүдээ бэлдэж, тэр том зах зээлд тоглох мөрөөдөлтэй байна.

Бид хоёр том гүрний дунд хавчуулагдсан, далайд гарцгүй гэж өөрсдийгөө “өрөвдөх” нь утгагүй. Учир нь бид ганцхан секундын дотор дэлхийн аль ч газар руу мэдээлэл дамжуулах интернэт гэгч “хязгааргүй боломж”-ийг ашиглаж чадаж байгаа шүү дээ. Харин үүнийгээ одоо илүү ухаалгаар мөнгө олоход ашигламаар байна. Тийш нэвтрэх, ойлголцох хэл нь “код”.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу