Баян хүмүүс яагаад ажиллахаа больчхож болдоггүй юм бол? Баячууд мөнгө, өрсөлдөөнд тэгтлээ татагддаг юм болов уу? Аль эсвэл зүгээр л бусдаас илүү чухалд тавигдах дуртай юу…

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвших хүнээ сонгох мэтгэлцээний үеэр сенатч Берни Сандерс “Тэрбумтангууд гэж байх ёсгүй” хэмээн хэлж, олны анхаарлыг татсан. Түүний хэлснээр Америкт баян ядуугийн ялгаа асар их болж, ёс зүйн болон эдийн засгийн сөрөг хандлага, уур бухимдлыг төрүүлж байна гэсэн юм. Тэгвэл уг мэтгэлцээний үзэгчээр оролцсон цорын ганц тэрбумтан болох Том Стиер ч гэсэн сенатчийн үгийг дэмжиж буйгаа илэрхийлж, “Сенатын гишүүн Сандерс зөв ярьж байна” гэсэн юм.

Үнэхээр ч Америкт сүүлийн үед хэт баян байхын утга учир, ач холбогдол, мөн чанар, сөрөг үр дагаврын талаар яриа хөндөгдөх боллоо.

70 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн үнэлэгддэг Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зюкерберг нь “Хэн нэгэн хэчнээн мөнгөтэй байх ёстой хэмжүүрийн талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой хэмжээнд хэн нэг нь хэтэрхий их мөнгөтэй байх нь өөрөө буруу” гэжээ.

Хэдийгээр тэрбумтангууд өдөрт хэчнээн саяыг олж, хөрөнгөө нэмэгдүүлж байдаг ч, яагаад тайван амардаггүй, үргэлж л улам ихийг олохоор тэмүүлж байдаг юм бол? Энгийн, тэрбумтан биш хүмүүсийн хувьд яагаад тасартлаа баяжчихсан хүмүүс сайхан амардаггүй юм бол гэж гайхдаг.

Тэгвэл судалгаанаас харахад баян чинээлэг хүмүүс нь илүү уртасгасан цагаар ажилладаг, нийгэмших, бусадтай дотно яриа өрнүүлж суух цаг зав тун хомс байдаг гэнэ. Apple-ын захирал Тим Күүк л гэхэд олон зуун саяын хөрөнгөтэй боловч, өглөө бүр 03:45-д буюу үүрээр сэрч, ажлаа хийж эхэлдэг байна.

~Баян хүмүүс яагаад, ажиллахаа больчихож болдоггүй юм бол…~

“Tesla”, “SpaceX” зэргийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск нь 23 тэрбум ам.долларын хөрөнгөтэй боловч, долоо хоногтоо 120 цаг ажилладаг байснаа бага зэрэг танаж, долоо хоногтоо 80-90 цаг ажилладаг болсон гэдэг.

Саяхан хийгдсэн Харвардын судалгаанаас үзэхэд 8 сая ам.доллараас илүү хөрөнгөтэй 4000 саятан нь 1 сая ам.доллартай хүмүүсээс илүү жаргалтай бус, бараг л адилхан сэтгэл ханамжтай байгаа нь харагджээ. Баячууд хүссэнээрээ амьдрах гэхээсээ илүүтэйгээр, хийх шаардлагатай зүйлийг хийж, гүйцэтгэж амьдрах нь түгээмэл байдаг байна.

Түүнчлэн та хэрвээ баян байсан ч, танаас баян чинээлэг хүн байгаа учир таны илүү ихийг олох хүсэл тэмүүлэл, далд ухамсар, шунал хэзээ ч зогсдоггүй гэж судлаачид хэлж байна. Нью-Йоркийн их сургуулийн профессор Эдвард Вүлфын хэлж буйгаар маш баян хүмүүсийн хувьд тэдний бүх материаллаг хэрэгцээ, хэрэглээ хангагдсан байсан ч, өөрсдөд нь хангалттай санагддаггүй гэнэ.

~тасартлаа баяжчихсан хүмүүс аз жаргал мэдэрдэггүй~

3 хаустай байсан бол 10 хаустай болохыг хүснэ, 3 G-Class жиптэй байсан бол 6 болгомоор санагдаж байдаг ажээ. Тэрбумтангууд зогсохыг мэддэггүй, үргэлж л ихийг олохоор чаргууцалдаж байдаг нь тэдний тэмцэгч, өрсөлдөмтгий, бусадтай барьцамтгай, урд нь гишгэх гэсэн далд ухамсартай нь холбоотой байдаг гэж дээрхи судлаач хэлж байна.

Нэмээд хэлэхэд мөнгө бол архитай адил үйлчилгээтэй гэнэ. Сэтгэл судлаач Стивен Бергласын хэлж буйгаар “Та архи уух дуртай, бор дарсанд хөлчүүрхдэг нэгэн бол нэг шил архи уугаад, дахиж уумаар санагддаг, 3,4 дэх нь мөдхөн 5, 6 болдог.

Зогсохыг мэддэггүй. Түүнтэй л адил 1 сая доллартай болсны дараа та зогсохыг хүсэх бус, харин ч 10 сая доллартай болохыг хүсдэг. Мөнгө бол донтуулагч бодистой адил зүйл” гэжээ.

Jagaa Damdin

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу