Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын газраас “Би нар” төслийн талаар танилцууллаа. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Би нар” төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд алслагдсан хороодод амьдарч байгаа хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангуудад үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.

Монголын хүүхдийн ордны арван багш зургаан сарын хугацаанд нийт дөрвөн төрлийн дугуйланд хүүхдүүдийг хичээллүүлэхээр хөтөлбөрөө гаргажээ. Үүнд бүжиг, дуулаач, драмын дугуйлан багтаж байгаа бөгөөд нийт 1000 хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

Харин Монголын хүүхдийн урлан бүтээх төв 17 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд зургаан дүүргийн найман салбарт төслийг хэрэгжүүлж уран бичлэг, уран зураг, монгол хатгамал гэсэн гурван дугуйланд хүүхдүүдийг суралцуулах юм. 

Сургалтыг дээрх хоёр төвийн багш нар алслагдсан хороодод очин хичээлээ заах бөгөөд дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдүүд дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хандаж бүртгүүлнэ. Дугуйлан бүтэн зургаан сарын хугацаанд долоо хоногт хоёр удаа гэсэн давтамжтай явна. Зургаан сарын дараа суралцагч хүүхдүүд нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөөд байна.

Энэ жил туршилтын журмаар явж буй тул нийт 2400 орчим хүүхэд хамрагдах тооцоотой байгаа ба цаашид энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллана гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу