Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл үйлчилгээнд үе шаттайгаар шилжүүлэх төлөвлөгөө батлагдлаа

734

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон Улсын Их Хурлын 2019 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 53 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулахад нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан, Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг батлууллаа.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан дараах 7 арга хэмжээг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Үүнд:
• Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрыг стандартын шаардлага нийцүүлэн засварлах;
• Сургуулиудыг хоол үйлдвэрлэлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;
• Иргэн, аж ахуйн нэгжийн түрээсэлж буй хоол үйлдвэрлэлийн газрын түрээсийн гэрээг үе шаттайгаар дуусгавар болгох;
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны орон тооны жишиг нормативыг тогтоох;
• Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллаж буй ажилчдын цалин хөлс, урамшуулалтын тогтолцоог боловсронгуй болгох;
• Сургуульд ажиллаж буй эмч болон хоол, хүнсний чиглэлийн мэргэжлийн ажиллагсдыг хоол зүйчээр хөрвүүлэн бэлтгэх;
• Сургуулийн үдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулахад оролцогч талууд болох сургуулийн удирдлага, эмч, нярав, нягтлан бодогч, тогооч, бусад ажилтанг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын дэмжлэг, иргэд олон нийтийн хандив тусламжийн хүрээнд шийдвэрлэх юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу