Экстроверт-интровертгэх томьёо нь Карл Юнг-с үүсэлтэй бөгөөд тэрээр анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ. Экстроверт хүмүүс гол төлөв гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш чиглэсэн зан үйлийн хэв маягтай байх нь олон. Гэвч Юнгийн үзсэнээр хүн бүрт экстроверт болон интроверт шинж хоёул байдаг, гагцхүү аль нэг шинж нь нөгөөгөөсөө давамгайлсан доминант шинжтэй байдаг аж.
Сусан Кайн-ы “The powers of introverts in a world that can’t stop talking” буюу интровертуудын онцлогийн талаарх номонд экстроверт/интроверт хэмээх ойлголтыг олон талаас нь тайлбарласан байдаг. Үүндээ, 1. экстровертууд капитализмын нийгэмд хэрхэн шүтэгдэж буй, 2. экстроверт/интроверт шинж дэх темпераментын нөлөө, 3. бүх нийгэм, соёлууд экстроверт байхыг чухалчилдагуу (үүндээ Хятадын соёлыг жишээ авч), түүнчлэн 4. экстровертуудыг шүтсэн энэ он цагт интровертууд хэрхэн “амьдрах” вэ зэрэг асуудлыг багтаасан байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл энэхүү номыг уншихыг санал болгож байна. Ингээд экстроверт-интроверт хэв маягуудын талаарх өчүүхэн мэдлэгээсээ хуваалцья.
№1. Бидний өнөөдөр амьдарч буй нийгэм (буюу капиталимз)биднийг хүссэн хүсээгүй экстроверт байхыг шаарддаг. Энэ нь Америк соёлд илүү мэдрэгдэнэ, тухайлбал, асран хамгаалагчид нь хүүхдийг яриулах, олны өмнө үг хэлүүлэх, багаар ажиллуулахад маш их анхаардаг. Өөрөөр хэлбэл, тухайн нийгэмдээ хэрэгтэй, дасан зохицож ажиллаж чадвартай хүнийг бэлдэж байгаа нь тэр. Энэ байдалд нь интровертуудэд ихээхэн дарамт болж хувирдаг. Учир нь тэд номоо уншаад дотроо бясалгаж суух илүү дуртай.
№2. Харин дорно дахины соёл өөрөө интроверт идеалтай. Бурхны шашнаас шалтгаалсан “бясалгагч” буюу дотогш чиглэсэн хэв маягтай хүмүүст барууны сургалтын систем болох “хэн их ярина, тэр онц авна” гэдэг дүрэм огт нийцдэггүй. Тухайлбал ихэнх ази оюутнууд өөрсдийгөө илэрхийлж олны өмнө ярих үедээ тухгүй байгаа нь ажиглагддаг. Соёл, хүмүүжилд нь өөрийгөө илэрхийлэх талаар хангалттай тусгаж өгөөгүйгээс шалтгаалдаг боловуу.
№3. Темперамент бол төрөлхийнх буюу биологийн шинжтэй учраас өөрчлөгддөггүй. Харин бие хүний төрх байдал буюу интроверт/экстроверт хэв маяг нь өөрчлөгдөж болно. Багш маань хэлэхдээ: “Би бие хүний шинжийг тодорхойлогч тестийг 30 жилийн өмнө бөглөхөд интроверт байсан, би зураг зурах их дуртай (багш маань үнэхээр сайхан зурдаг), ганцаараа байж залбирах дуртай байсан (тухайн үед багш маань прист буюу христийн шашны лам байсан). Харин өнөөдөр ахиад нөгөө тестээ бөглөхөд би экстроверт болсон байна. Энэ бол олон жил оюутнуудад багшилсны үр дүн байх” гэж билээ. Үүнээс тухайн хүний ажил мэргэжлийн онцлог түүний хэв маягт хэрхэн нөлөөлдөг нь харагдаж байна. Мөн хүүхдээ багаас нь ажиглаж ямар темпераменттэй болохыг нь мэдэж болно. Меланхоликууд болон флегматикууд интроверт хэв маягтай байх нь олон.
№4. Интровертууд заавал ичимхий, айдастай байдаг гэсэн үг биш. Олны өмнө ярихаас болон олон нийттэй байхаас айдаг бол тэр нийгмийн айдастай хүн. Харин интровертууд олон хүмүүстэй байх зүгээр л “дургүй”. Гэвч дээр дурдсанчлан ихэнх меланхоликууд интроверт байдаг учраас энэ хоёрыг хооронд нь холих асуудал гардаг.
№5. Экстроверт, интроверт аль нэгийг илүүд үзэхээсээ илүү энэ 2 хэв маяг нь арга, билиг хоёр шиг ялгаатай ойлголтууд юм гэдгийг онцлох хэрэгтэй. Аль аль нь өөрсдийн давуу болон сул талуудтай, тухайлбал, интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх чадвар зэргээрээ давуу байхад экстровертууд сайн ярьдаг, эрч хүч ихтэй байх нь олон. Түүнчлэн экстоверт-интроверт аль аль шинжийг тэнцүү агуулсан амбивалент хэв маягтай хүмүүс ч байдаг.
Та өөрийнхөө төрх байдлыг тодорхойлох хамгийн амархан арга бол эрч хүчээр дутагдсан үедээ гол төлөв хэрхэн эрч хүчээ сэлбэдэг вэ гэдгээ бодоорой. Ингэхэд, гадаад нөлөөнөөс буюу бусад хүмүүстэй байхыг сонгож байвал та эсктроверт байх магадлалтай харин ном унших, бясалгах гэх мэт ганцаар байхыг сонговол эсрэгээрээ интроверт байх магадлалтай юм.
Сэтгэл судлаач: Б. Алтанцэцэг