​Д.Будзаан: Цахим орчинд хэн нэгнийг гүтгэвэл иргэнийг хоёр сая, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгоно

961

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэмт этгээдэд ямар хариуцлага хүлээлгэж, хаана мэдээлж болох талаар Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаантай цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байдаг. Тэгэхээр цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Цахим орчноор дамжин үйлдэгдэж байгаа гэмт хэрэг Монгол Улсад 2012 онд буюу жилийн хугацаанд 14 бүртгэгдэж байсан. 2018 онд 650 орчим гэмт хэрэг бүртгэгдэж, цахим орчноор дамжин үйлдэгдэх гэмт хэрэг 50, 60 дахин өссөн үзүүлэлт гарсан.  Тухайлбал, сошиал сүлжээнд “та эмэгтэй хүн байсан бол ямар байх байсан бэ, та индиан нэрээ олно уу, та халзан байсан бол ямар харагдах вэ” гэдэг юм уу янз бүрийн сонжоонууд явдаг. Уг сонжоог дарсан иргэн цахим хаягны нууц дугаараас эхлэн хувийн мэдээллээ алдаж байгаа тохиолдол их байна. Таны цахим хаягны нууц дугаарыг авсан иргэн таны хэнтэй харьцдаг, юу хийдэг зэрэг бусад мэдээллийг олж авна. Ингэснээр таны нэрээр бусдыг залилан мэхлэх, найз залуу, бүсгүй рүүгээ янз бүрийн зураг илгээсэн бол түүнийг бусдад задлан үзүүлэх, секс сүрдүүлэг зэрэг янз бүрийн үйлдэл гарч байгаа юм. Тиймээс хувь хүн өөрийн аюулгүй байдлаа хамгаалах нь маш чухал байна.

Мөн цахим сүлжээнд охид, эмэгтэйчүүд “санхүүгийн туслалцаа авна” гэсэн зар тавьсан тохиолдол байдаг. Уг зарыг хорих газраас суллагдсан иргэд биеэ үнэлэгч авч байгаа байдлаар дуудаж, бэлгийн мөлжлөг өртүүлэн биеийг нь үнэлүүлж, хэрэг зохион байгуулалтад орсон тохиолдол нэг бус удаа шалгагдаж байсан. Энэ нь цахим сүлжээний гэмт хэрэг биш боловч цахим сүлжээ ашиглан үйлдэж байгаа гэмт хэрэгт хамаарна. Тэгэхээр иргэд өөрсдөө хууль зөрчихгүй, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүд цахим сүлжээг маш чөлөөтэй ашиглаж байна. Цахим орчинд хүүхдийн контент гэж байхгүй, нэг л том тор байгаа юм. Нэг хүүхэд фэйсбүүк нээсэн бол 3G, 4G сүлжээгээр бусад сайтууд руу хандах эрх нь үүсдэг. Эндээс насанд хүрэгчдэд зориулсан бичлэг үзэх, гэмт хэргийн үйлдэл, аргачлал заасан мэдээ мэдээллийг үзэж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг авч байна. Нөгөө талаас гэмт хэргийн хохирогч болж байгаа юм. Тухайлбал, 16 настай охин фэйсбүүкээр танилцсан залуутайгаа уулзаад хүчиндүүлсэн хэрэг гарсан. Хэрэв эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьдаг бол уг гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх боломжтой. Өсвөр насны хүүхэд цахим орчинд ангийн найз, байрны гээд дунджаар 150 орчим найзтай байх боломжтой гэсэн судалгааг гаргасан. Гэтэл одоогийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ойролцоогоор 1000-3000 орчим найзтай байна. Энэ нь хүүхдүүд цахим орчноор дамжин үйлдэгдэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгааг харуулж байна.

-Цахим орчинд бусдын нэр, хаягийг дуурайн янз бүрийн зүйл бичих, цаашлаад мөнгө нэхэх зэрэг тохиолдлууд нэлээд байна. Энэ тохиолдолд гэмт этгээдэд ямар хариуцлага тооцох боломжтой байдаг вэ?

-Хүний тархинд байсан зүйл бодит бүтээл болоод ирэхээрээ оюуны өмч болдог. Хүний хийсэн зүйлийг хуулж аваад өөрийн мэтээр ашиглах нь Оюуны өмчийн эсрэг үйлдэж гэмт хэрэг болж байгаа юм. Хэрвээ байгууллагын хаяг, албан ёсны хуудас нь оюуны өмчид бүртгэлтэй бол цагдаагийн байгууллага шалгах боломжтой.

-Насанд хүрээгүй хүүхдүүд Фэйсбүүк группт маш олноор нэгдэж, янз бүрийн групп үүсгэж байгаа нь ажиглагддаг. Энэ нь гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж харж байна. Үүнд цагдаагийн байгууллага хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Өсвөр насны хүүхдүүд сошиал орчинд тодорхой группт хуваагдан хичээл номоо давтаж байвал цагдаагийн байгууллага шалгах шаардлага байхгүй. Цагдаагийн байгууллага “хар жагсаалт” гэсэн фэйж хуудас нээж, хүүхдийг гэмт үйлдэлд татан оролцуулсан талаарх мэдээллийг нь авч, Фэйсбүүк компани руу мэдээллийг нь явуулж, ирсэн мэдээллүүдийг устгуулж байгаа. Энэ тал дээр зөвхөн цагдаагийн байгууллагад найдах бус эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэдээ анхаарал тавих шаардлагатай байгаа юм.

Мөн хүүхдийн утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн утасны дугаарыг шүүлтүүртэй болгох гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүүхэд гар утсаараа интернет сүлжээ ашиглан насанд хүрэгчдийн бичлэг, садар самуунд уруу татсан хаяг руу нэвтрэх боломжгүй болно гэсэн үг. Эцэг, эхчүүд зөвхөн хүүхдийнхээ гар утасны дугаарыг оператор компаниудад бүртгүүлэх шаардлагатай.

-Ер нь цахим орчинд ямар гэмт хэрэг хамгийн их үйлдэгдэж байна вэ. Түүнд ямар хариуцлага тооцох боломжтой байдаг вэ?

-Цахим орчинд бусдын нэр хүндийг гутаан доромжлох асуудал хамгийн их байна. Мөн садар самуун сурталчлах асуудал байдаг. Цахим орчинд хэн нэгнийг гүтгэж, доромжлох нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байгаа. Иргэнийг хоёр сая, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгоно. Харин садар самуунд уруу татах нь Эрүүгийн хуулиар 2-5 хүртэлх жилийн хорих ял шийтгэл авна. Хүнд хор хохирол учирсан бол 8 жилийн ял шийтгэл оноодог.

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа  гэмт хэргээс хувь хүн болоод эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

-Эцэг, эхчүүд өөрсдөө цахим сүлжээний мэдлэг мэдээлэлтэй болох шаардлагатай. Насанд хүрэгчдийн бичлэг үздэг эцэг, эх байлаа гэж бодоход гар утасныхаа нэвтрэх нууц үгийг хүүхдээрээ солиулдаг. Ингэснээр хүүхдэдээ мэдээллээ алддаг. Тухайн хүүхэд эцэг, эхийгээ байхгүйд тэдний үзэж байгаа зүйлийг үргэлжлүүлэн үзнэ гэсэн үг. Мөн эцэг, эхчүүд цахим сүлжээний мэдлэггүйн улмаас хүүхэд нь цахим орчинд юу үзэж, юу хийж байгааг мэддэггүй.

Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд цахим хаяг эрт нээж өгөхөөс татгалзах шаардлагатай байгаа юм. Одоогийн 10, 11 настай хүүхэд цахим хаяг нээлгэж байна. Улмаар хүүхэд янз бүрийн хүмүүстэй танилцаж, мэдээлэл авдаг. Цахим сүлжээний ард ч гэсэн бодит амьдрал өрнөж байгаа юм. Тухайлбал, иргэн гудамжинд 14 настай охиноо дагуулаад явж байна гэж бодъё. Энэ үед танихгүй залуу танай охинтой танилцъя, уулзъя гэвэл тухайн эцэг, эх юу гэж хариулах нь тодорхой. Гэтэл цахим сүлжээнд үүнээс илүү аюул байна.Таны хүүхэдтэй хэн ч байсан хамаагүй танилцаж, алсаас удирдаж, мэдээлэл өгч, буруу зүйлд уруу татаж байгаа эрсдэл байгааг эцэх, эхчүүд анхаарах шаардлагатай.

Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдээ сатааруулахын тулд гар утсаа өгчихдөг. Хүүхэд гар утсыг нь оролдсоор байгаад тодорхой ойлголттой болдог. Үүнийг эцэг, эхчүүд хүүхдээ юм сурч байна гэж боддог. Гэтэл эсрэгээрээ дэлгэцийн дон туссан байдаг. Даамжраад цахим тоглоом сонирхож эхэлдэг. Тухайн хүүхэд 20, 25 нас хүрэхэд цахим тоглоом тоглосоор байдаг. Насанд хүрсэн буюу 27, 28 настай залуус цахим тоглоомын газар тоглож байгаад нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарч байсан. Ер нь насанд хүрээгүй хүүхэд цахим тоглоомд донтвол эцэг, эх нь татаж авч болно. Насанд хүрсэн залууст хэн нэгэн юм хэлсэн ч тэд өөрсдөө шийдвэрээ гаргана. Магадгүй засрахад амаргүй. Тэгэхээр хүүхдийг бага насанд эерэг зүйлээр хүмүүжүүлэхгүй бол аажимдаа засрахгүй буруу зуршлыг амьдралдаа тогтоосон байхыг эцэг, эхчүүд анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалж: itoim.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу