Залуу хүний хүсэл мөрөөдөл ямагт хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Жүжигчин мэргэжлийн үнэ цэнийг өндөрт өргөж, чадварлаг уран бүтээлч болохыг зорилгоо болгон суралцаж буй Д.Хуланг урилаа. Өөрөөс есөн насаар эгч, дэгжин, ихэмсэг “Ганган Тогос”-ийн дүрийг чадварлаг бүтээсэн охин амьдрал дээр эрх танхил нэгэн. Ингээд түүнтэй дотно танилцъя.

Бидний урилгыг хүлээн авсан хөөрхөн Хуландаа баярлалаа. Дэлгэцээр үзсэн “Ганган Тогос” амьдрал дээр харагдах байдлаасаа тэс өөр юм?

37-r-tochka-Togosoo-Hulan-01

Үнэхээр тэгж харагддаг шиг байгаа юм. Уулзсан хүн бүр л “Чи чинь ийм жаахан охин байсан юм уу. Тогосоогийн дүрээсээ шал өөр юм” гэдэг /инээв/. Зочноор урьсан та бүхэнд баярлалаа.

“37-р Точка” ОАУСК нь олон нийтийг дэлгэцийн өмнө уяж чаджээ. Том уран бүтээлийн ард амжилттай гарсан та бүхэнд халуун баяр хүргэе. Д.Хулантай дотно танилцъя?

Маш их баярлалаа. Намайг Хулан гэдэг 1998 онд Дархан хотод төрсөн. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийг төгссөн. Одоогоор өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшиж байна. Энэ жил төгсөнө дөө.

Жүжигчин гэх мэргэжлийн юунд татагдаж сонгох болов, багын авьяас нөлөөлсөн үү?

Миний бага нас өвөө, эмээгийнхээ гар дээр өсч хүмүүжсэн. Аав, ээж хоёр маань гадаадад ажиллаж амьдарч байгаад долоон настай байх үед ирсэн юм. Багадаа дуу цөөнтэй, бүрэг ичимхий, гэрийнхнээсээ их л эмээдэг охин байлаа. Аль нэг хичээл гэхээсээ илүүтэй бүгд дээр нь жигд суралцдаг байсан. Чөлөөт цагаараа жүжиг, кино зэргийг шимтэн үзэхийн зэрэгцээ Драмын жүжиг үзэхийн тулд хот руу хүртэл зорьж ирсэн удаатай шүү /инээв/. Хүссэн мэргэжлээ эзэмшээд зогсохгүй УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар багшийнхаа удирдлага дор суралцаж байгаа минь үнэхээр азтай хэрэг.

tochka-Togosoo-Hulan-2019
СУИС-ийн Жүжигчний төгсөх ангийн оюутан Д.Хулан
~Чи “ТОГОСОО” мөн үү гэж асуудаг~

“Өнчин цагааны Ганган Тогос” хэмээх бүсгүйн дүрийг чадамгай бүтээжээ гэх олны яриа байна. Өөрөөс тань тэс өөр хүн байх?

Амьдрал дээр тэс өөр хүмүүс байлгүй яахав. Надаас найм, есөн насаар эгч бүсгүйн дүр байгаа юм. Миний хувьд бүх зүйл анхных байсан учир сандрал, айдас гээд олон зүйлс цээжинд давхцаж байсан. Гэхдээ энэ олон хүмүүсийн итгэл болоод уран бүтээлийг цалгардуулж, баг хамт олондоо төвөг учруулчихвий гэж айсан.

37-r-tochka-Hulan-Togosoo
Д.Хулангийн хэлэх дуртай үг:  “Хүнд, хүн шиг байхаас өөр зорилго байх ёсгүй”

Анхны юм бүхэн тухайн хүнд олон зүйлсийн эхлэл болдог гэдэг. Уг уран бүтээлээс олон зүйлсийг суралцсан байх?

Тэгэлгүй яахав. “Фантастик” продакшны ах нар, кино группийн баг хамт олондоо үнэхээр их баярладаг. Сценээс сцен хоорондох хувцаслалт, нүүр будалт, дүрийн судалгааг хэрхэн хийх, камерын ардах үйл явц хэрхэн өрнөдөг гэх мэтчилэн олон зүйлсийг “37-р Точка” киноноос мэдэрсэн. Олон зүйлсийг суралцсан.

Шантрах зүйлс байсан уу? Үүнийгээ хэрхэн даван туулж, юунаас  эрч хүчийг нөөдөг байв?

“37-р Точка” Олон ангид уран сайхны кино нь 300 гаран уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн. Дүрдээ ажиллаж чадахгүйгээсээ болоод шантрах үед “яах гэж оров оо, энэ олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг баллах вий дээ” гэх мэт айдас төрж байсан ч үнэхээр чадварлаг хамт олны тус дэм, үнэтэй зөвлөмж, ээж аавынхаа итгэл сэтгэлээр “ХҮЧ” аван киноныхаа ард гарсандаа баяртай байна.

Таны хувьд жүжигчнийхээ карьерыг амжилттай эхлүүллээ гэж харж байна. Хувь хүн, энэ мэргэжилд эзэн суух залуу жүжигчинд юу өгсөн бол?

Кино багийнханд тоогдож, мундаг уран бүтээлчидтэй ажилласандаа баяртай байна. Миний хувьд хамгийн түрүүнд биеэ даах чадварыг өөртөө суулгасан. Үүний дараа хүнээс үг дуулах, түүнийгээ тунгаан бодох, өөрийгөө бусдын дунд зөвөөр илэрхийлэхэд суралцсан. Эмээ, өвөөгийнхөө хайранд эрхэлсэн, үг даахдаа маруухан Хулан өөрчлөгдсөн шүү.

37-r-tochka-Togosoo-Hulan-02

Жүжигчны мэргэжил үргэлж олны нүдэнд ил байдаг шүү дээ. Гоо сайхан байх ойлголт таныхаар?

Жүжигчин хүнд байх ёстой өгөгдөлд царай зүс, дүр төрх их чухал юм байна даа. Үүн дээр хүний мөн чанар, бусдыг хүндэтгэн харьцах, хэлсэндээ хүрдэг чанар чухал болов уу.

 Сургуулийн захиргаа болоод багш нар нь кинонд тоглох болсныг чинь яаж хүлээж авсан бэ. СУИС-ийг төгсөөгүй бол ямар нэг кино, зураг авалтад орох хориотой байдаг гэж сонссон?

Хэдэн жилийн өмнө тийм байсан гэсэн. Одоо бол гуравдугаар курсээсээ кинонд тоглож болно гэсэн зөвшөөрөл гарсан. Багш нарын хувьд бол Н.Наранбаатар багшаасаа асуугаад ярилцсан учир багш маань зөвшөөрсөн.

Сургуулиа төгсөөд мэргэжлийн уран бүтээлч болно, ямар “ДҮР”-д тоглохыг хүсч байна?

Ямартаа ч Тогосоогийн дүрээс тэс өөр. Өөрийн насандаа тохирсон охины дүрийг гаргахыг хүсэх байх аа. /инээв/

37-r-tochka-Togosoo-Hulan-03

Хулан найз залуутай юу. Бат бөх харилцаа юун дээр тогтдог бол?

Найз залуутай. Хоёр жил үерхэж байгаа. Адилхан мэргэжлээр суралцдаг учир бие биедээ тусалж дэмжих тал дээр илүү ойлголцдог болов уу. Шантрах үед үргэлж хамт байж, урамшуулдаг.

Цахим сүлжээнд “37-р Точка” кинотой холбоотой фэйж хуудас, группүүд маш их байна. Үүн дээрх олон нийтийн эерэг бөгөөд сөрөг хандлагыг хэрхэн хүлээж авч байна?

Сөрөг зүйлсийг хүлээн авахдаа сэтгэл жаахан өвддөг шүү. Би амархан сэтгэлээр унаж, тэр чигтээ бодолд автчихдаг. Олон нийт харин ч эерэгээр хүлээн авсан юм шиг санагдсан.

Танд ямар зүйл эрч хүчийг өгдөг бол?

Би байгалиас гэвэл нарнаас эрч хүч авдаг. Аа, харин эрч хүч авдаг хүн бол ээжийгээ гэж хэлнэ. Мэдэхгүй чадахгүй бүхий л зүйлсэд ээж хамгийн сайн туслагч, дэмжигч нь байдаг. Өвөө, эмээдээ очих ч бас сайхан. Ер нь мундаг жүжигчдээс эрч хүч авдаг шүү.

 Залуу хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Таны зорилго?

Залуу хүний мөрөөдөл хязгааргүй. Нэн түрүүнд сургуулиа амжилттай төгсөхийг хичээж байна. Үүний дараа мэргэжлээрээ ажиллаж, чадварлаг уран бүтээлч болохыг хүсч байна.

37-r-tochka-Hulan
Сургуулиа амжилттай төгсөн, чадварлаг уран бүтээлч болох хүсэлтэй

Ярилцлагаа таныг илтгэх уриалга үг ч юм уу, хэлэх дуртай үгээр нь тань өндөрлөх үү?

“Хүнд, хүн шиг байхаас өөр зорилго байх ёсгүй” гэж хэлэх дуртай. Энэ үгийг амьдралдаа мөрдлөг болгохыг хичээдэг. Зовлон жаргал, баяр гуниг гээд амьдралынхаа бүхий л цаг үед “ХҮН” байж, хүн чанараа алдахгүй байх нь миний зорилгын томоохон хэсэг нь.

Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Дэлгэцийн олон олон уран бүтээлээр тун удахгүй уулзах байх аа. Танд амжилт хүсэе.

Маш их баярлалаа.

Б.Хонгорсайхан

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу