Тэрээр Хүүхэлдэйн киног хөгжүүлэх үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж, хүүхэд багачуудын үзэх дуртай олон арван хүүхэлдэйн кино бүтээсэн, эрхэм уран бүтээлчдийн томоохон төлөөлөл юм. Хүүхэлдэйн кино нь ихээхэн нямбай чимхлүүр ажиллагаа, нарийн төвөгтэй горим технологи, нөр их хөдөлмөр, тэвчээр шаарддаг урлагийн онцгой төрөл.

Хүүхэлдэйг амилуулан хөдөлгөж хүүхдүүдийн ой ухаанд хүртэл ярьж дуулуулахад ямар их бэрхшээлтэй нь ойлгомжтой. Тэрээр кино урлагийн энэ төрлийг Монгол телевизийн дэргэд үүсгэн хөгжүүлж, хүүхэлдэйн кино хийх залуусыг сурган бэлтгэж, ажилсаг бүтээлч хамтлагийг бий болгон, материаллаг баазыг нь бэхжүүлэх ажилд хүчин зүтгэжээ.

Morongua
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Кино оператор М.Мөрөнгуа

Түүний “Хоёр зараа” Эвтэй дөрвөн амьтан”, “Эрх цагаан ишиг”, “Гацуурхан”, “Өнчин цагаан ботго” зэрэг хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн жүжгийг манай орны хүүхдүүд амтархан үзэж, сайн мэддэг болсон. Энэ эрхэм уран бүтээлч бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Кино оператор М.Мөрөнгуа билээ. Түүнийг хүндэтгэн урилаа.

Тэрээр Өвөрмонголын Жирэм аймагт 1945 онд төржээ. Түүний аавийг н.Мэдрэлт, ээжийг Х.Гэрэл гэдэг. М.Мөрөнгуа “Миний аав 1951 онд бурхан болж, түүнээс хойш ээж минь сангийн аж ахуйд үнээ сааж, цэргийн хувцсын оёдлын үйлдвэрт “оёдолчин” хийдэг байлаа. Гурван хүүхдээ хүний дайтай өсгөн хүмүүжүүлэх гэж ээж минь их л зовсон. Тэр үеийн хүмүүс бичиг үсэг тайлагдаагүй бүдүүлэг маягийг хүмүүс байж. Өөрийн сурч чадаагүй бичиг үсэг, дээд боловсролыг хэдэн хүүхдүүддээ сургах нь ээжийн минь хүсэл байсан. Тэр нь ч биеллээ олсон шүү” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм. М.Мөрөнгуа гурван хүүхэдтэй айлын дундах охин юм. Зан байдлын хувьд шазруун зантай охин байсан гэдэг. Бүх л хичээлдээ жигд суралцдаг, тэр дундаа уран зураг, түүхийн хичээлдээ илүү сонирхолтой. Монголыг түүхийн талаар хаанаас нь ч асуусан тэр дор нь хариулчихдаг. Урлагийн талаас дуулах, хөгжим /ёочир/ тоглох авьяастай охин байжээ.М.Мөрөнгуа найз нөхөд ихтэй, тэр ч утгаараа гэр орноор нь орж гарах хүмүүс ч их байдаг гэсэн. Орж гарсан хүн бүхнийг найр тавин угтаж, хоол цайгаар дайлдаг сайхан зан чанартай хүндээ миний ээж хэмээн ярихдаа хоолой нь зангирч, санаа алдаж байсан юм.

Дээд сургуулийн диплом өвөртлөн ирж, ижийгээ баярлуулах нь түүний чин хүсэл…

Тэр үеийн хүүхдүүд одоогийнх шиг өөрсдийн хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгодоггүй, хувь хүүхдийн сурлагын чанараас хамаараад сургуулийн захиргаа дээд сургуульд томилдог байсан юмсанж.

М.Мөрөнгуй охин гуравдугаар арванжилийг алтан медальтай төгсөж, Бүх холбоотын Кино урлагийн дээд сургуулийн (ВГИК) “Кино Оператор”-ын ангид томилогджээ. Кино оператор гэх мэргэжлийн тухай анхны мэдэгдэхүүнгүй бяцхан охин хүний нутагт эрдэм сурахаар Москва хотыг зорьжээ /1964/. Монголын Радио, Телевизийн холбооноос анхны дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлогоор арваад залуусыг Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд (ВГИК) суралцуулсан нь энэ юмсанж.

~Монгол хүүхдүүдэд мөрөөдлийн “баатар” хэрэгтэй~

М.Мөрөнгуа “Монголын кино урлаг хөгжиж байна” хэмээн уран бүтээлчид маань ам уралдан магтах болсон. Гэхдээ манай уран бүтээлчид зөвхөн уран сайхны кино л хийж байна. Гэтэл нөгөө талд нь хүүхэлдэйн кино гэсэн “том салбар” ор тас хаягдчихсан. Хүүхэлдэйн кино гэхээр л манайхан хүүхдийн цаг нөгчөөдөг зугаа цэнгэл хэмээн үздэг. Эсвэл ээж аав, эмээ өвөөдөө садаа болохгүйн тулд ямар ч хамаагүй хүүхэлдэйн киног ойлгосон ч ойлгоогүй ч тасралтгүй үздэг.

Монголын хүүхдүүд өдөр алгасахгүй гаднын киногоор хүмүүжиж байна. Тасралтгүй хөөцөлдөж, унаж тусан, хөөрч нисэн, нэг нь нөгөөхөө чадаж, толгой тархигүй хавтгай болтол балбана, эсвэл тасралтгүй буудалцана. Өдөр бүр ийм хүүхэлдэйн киног үзсэн хүүхэд яг энэ байдлаар найз нөхдөө шоглохгүй гэдэгт итгэх аргагүй. Хүүхдэд “хүүхэлдэйн кино” гэдэг бол жинхэнэ амьдрал байдаг юм шүү. Тиймээс хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн хүсдэг гэр бүл, найз нөхдийн найрсаг харилцаа, арвич хямгач зан чанар, эцэг эхээ, эх орноо хайрлах, энэрэнгүй сэтгэлтэй байх, түүх соёлоо мэддэг хүн болон төлөвшихөд хүүхэлдэйн кино онцгой үүрэгтэй юм” хэмээн өөрийн бодлоос хуваалцсан юм.

1985 оноос “Хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино” хийх бодлогыг засгийн газраас дэмжин, Монгол кино үйлдвэр, Монгол телевиз дээр хүүхэлдэйн кино цех байгуулагдан ажиллаж, хүүхэлдэйн кино групын даргаар М.Мөрөнгуа томилогджээ. Цөөн ч гэсэн хүүхэлдэйн киног тогтмол бодлоготойгоор хийж эхэлсэн нь хүүхдийн төлөө гэсэн тэр үеийн томоохон ажил, ахиц дэвшил байлаа. Үүнд М.Мөрөнгуа, С.Мягмар, Ч.Болдсайхан, Р.Төгөлдөр, И.Санаасайн, Б.Тунгалаг, Ц.Дашиймаа, Ц.Төрбат, Д.Хишигт, А.Туул, н.Мөнхбаатар, н.Мейрам зэрэг 10 гаруй уран бүтээлчид багтана. Бүтээлээс дурдвал “Өвгөн арслан хоёр”, “Эрх цагаан ишиг”, “Тус”,”Харилцах дэвтэр”, “Сайн жаал”, “Шаазан заан”, “Бувардай ба түүний нөхөд”, “Томоо Жижгээ хоёр”, “Азар, Базар, Тазар”, “Гацуурхан”, “Томуу мангаа”, “Хадгаламж ашигтай”, “Юм бүхэн цагтай”, “Зам дээр тоглох аюултай” зэрэг хүүхдэд зориулсан 10 гаруй хүүхэлдэйн киног хүүхэлдэй, хайчилбар, зургийн аргаар хийсэн нь өдгөө цэнхэр дэлгэцээр цацагдсаар байна.

Хань Дамдингийн Дашдорж

Энэ айлын өрхийн тэргүүнийг Дамдингийн Дашдорж гэдэг. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул хүн юм.

Хань Дамдингийн Дашдоржийн хамт

Тэрээр эрчим хүчний салбарт олон жил ажилласан “цахилгааны инженер” мэргэжилтэй.

Гуравдугаар цахилгаан станц, одоогоор бол Диспетчерийн үндэсний төвд ажиллаж байгаад Үйлдвэрчний төв зөвлөлд орсон юмсанж. Үүний дараагаар Хөдөлмөрийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газарт удирдах албан тушаалд олон жил ажиллажээ.

Гэр бүлийн хоёр галт тэргэнд танилцсан гэдэг. М.Мөрөнгуа зуны амралтаар гэртээ харина, Москвагаас Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд тав хоногийн хугацааг өнгөрүүлнэ.

Тэгэх үедээ өрхийн тэргүүн Д.Дашдорж гуайтай танилцан хамтын амьдралаа эхлүүлж, хоёр сайхан хүү төрүүлэн өсгөжээ. М.Мөрөнгуа чөлөөт цаг гарвал Теле кино үйлдвэрийн бүсгүйчүүдтэйгээ нийлж аваад л нарийн боов хийж, өөрт хэрэгцээтэй зүйлсийг нэхнэ, оёно, уран хатгамал хатгадаг байсан дурсамжаасаа хуваалцсан юм.

Өрхийн тэргүүн Д.Дашдорж, гэрийн эзэгтэй М.Мөрөнгуа

Гэр бүлийн суурь хүмүүжил нь тухайн хүүхдийг насан туршид нь даган явдаг. Манай хүүхдүүд өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусадтай эв найртай харьцаатай байдаг. Энэ нь ч гэр бүлийн хүмүүжилтэй нь салшгүй холбоотой байдаг байх. Гэр бүлийн үнэ цэнэ хэмээх ойлголт нь эцэг эх нь үр хүүхдэдээ хайр халамжаа түгээж, сайн сайхан байдлаар үлгэр жишээ үзүүлэхийг хэлнэ.

Биенээ ядарсан үед нь чин сэтгэлийн халуун дулаан үгээр тордож, хайрлаж, халамжилж, хайрдаа үнэнч байж гэмээ нь сэтгэл хангалуун амьдарна. Бурхан багшийн сургаалд хүн хүнээ хайрын дээдээр хайрлаж, ядарсан нэгнээ түшиж гэмээ нь сайхан амьдралын үүд нээгддэг юм гэнэ лээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу