Дорнодын талд төрж өссөн охин дэлхийн загварын тайзнаа алхаж, хувцас загвар өндөр төвшинд хөгжсөн Австрали улсад суралцах хугацаандаа “Platform and WINK model” хэмээх загварын агентлагт моделиор ажиллаж байсан билээ. Даруухан зантай ч зорилгодоо хүрэхийн төлөө бол тэрээр дайчин эмэгтэй.

Үзэсгэлэнт бүсгүйн гоо сайхны ертөнцийг уншигч охид, бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаар “Гоо танил” буландаа урилаа. Түүнийг илтгэх эвдэрч гэмтээгүй эрүүл намирсан урт шулуун үс, өө сэвгүй цэвэрхэн бор арьс, нуруулаг гоолиг биеийн нууцыг хамтдаа нээцгээе.

Нэр: Түмэнжаргал овогтой Туяамаа

Эрхэлдэг ажил: “CHARISMA Model & Talent Management”-ийн захирал, үүсгэн байгуулагч

Сошиал хуудсууд: 

FB: TuyamaaCharisma

IG: tuyamaa_charisma

БИ ИОГТ ДУРЛАСАН

Т.Туяамааг төрх, бие галбираараа дэлхийн моделийн стандартад бүрэн нийцсэн хэмээдэг. Өв тэгш энэ биеийнх нь гол нууц өөртөө таарч тохирсон дасгалуудад оршдог байна.

Өндөр, өсгөлүүн охидын нэгэн адил багадаа биеийн тамирын хичээлд тун дургүй нэгэн байжээ. Харин аэробик болон бүжгээр хичээллэх дуртай, өсвөр насандаа өөрийн биеийн онцлогт таарч тохирсон энгийн хэр нь үр дүнтэй дасгалуудыг судалж, үүнийгээ тогтмол хийж иржээ.

Одоо бол зөвхөн сайхан бие бялдар гэхээс илүүтэй сэтгэл санаа, дотоод ертөнцөө сонсож мэдрэхийн тулд бясалгаж, дотроосоо эрүүл байхын тулд иогт дурлаж эхэлсэн гэлээ. Гэртээ иогийн дасгалуудыг хийж, алжаал ядаргаагаа тайлан, үүнээс илүү их эрч хүчийг мэдэрдэг ажээ.

“Хүн хөдөлгөөнтэй байх нь чухал ч өөрийгөө хэт хүчилж, заавал фитнесс жимд явах хэрэггүй юм шиг санагддаг. Хамгийн гол нь өөртөө тохирсон, өөрөө түүндээ сэтгэл ханамжтай байх спортыг сонгох нь чухал юм болов уу” гэсэн юм.

АРЬСАА АМРАА, НАРНЫ ТОС ТҮРХ, ЧИЙГШҮҮЛ

Загвар өмсөгчид шоу тоглолт, зураг авалтуудад орох үедээ мэргэжлийн хүнд будалтууд хийлгэж, үсээ янз бүрээр янзлах шаардлагатай байдаг нь тэдний ажлын нэг хэсэг. Үүний дараа арьс болон үсээ сайн арчлахгүй бол амархан гэмтдэг. Гоо сайхны салоноор ховорхон үйлчлүүлдэг.

Tuyamaa
“CHARISMA Model & Talent Management”-ийн захирал, үүсгэн байгуулагч Т.Туяамаа

Харин ачаалалтай байдаг үс, арьсаа жирийн үедээ элдэв будаг шунх түрхэлгүй, индүү, хайч хэрэглэлгүй өөрөөр нь амраадаг гэнэ. Нарны тосыг жилийн дөрвөн улиралд байнга хэрэглэж, арьс чийгээ алдахаараа хурдан гундаж өнгө зүсээ алддаг, тиймээс арьсныхаа онцлогт тохирсон чийгшүүлэгч тоникыг хэрэглэж байхыг охид, бүсгүйчүүддээ зөвлөлөө. Арьс эрүүл байх нэгэн гол үндэс нь сайн унтаж амрах учраас Т.Туяамаа нойроо хангалттай авч, арьсаа амраадаг гэнэ.

Tuyamaa
Тэрээр элдэв гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү гар доорх органик хүнсээр арьсаа арчлах нь илүү үр дүнтэй байдаг гэлээ

Эмзэг болон холимог арьсны онцлогтой учраас арчлахад нэлээн төвөгтэй гэлээ. Тиймээс элдэв гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү гар доорх органик хүнсээр арьсаа арчлах нь илүү үр дүнтэй байдаг аж.

ОРГАНИК ЖОР

НИМБЭГ+ТАРАГ: Нимбэгийн дотор хэсгийг сайтар нухаад бага зэргийн тарагтай холиод арьсандаа маск тавьдаг.

АВОКАДА: Маш олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг өөртөө агуулагч авокадогийн дотор хэсгийг сайтар нухаж байгаад арьсандаа түрхдэг. Энэ нь арьсанд тэжээл өгч, өнгийг сэргээдэг.

БҮЛЭЭН БИГНҮҮР: Хичээл, ажил ихтэй үедээ будгаа сайн арилгаж, арьсаа гүн цэвэрлээд бүлээн алчуураар бигнүүр тавьж, юу ч түрхэлгүй унтан арьсаа амраадаг. Бүлээн алчуур нь арьсны нүх сүвийг нээж, амрааж тайвшруулдаг.

Tuyamaa
АВОКАДО ЖИМСЭНД ДУРЛАГЧ 

Эмэгтэйчүүдэд олон талаараа ашиг тустай гэдэг үүднээс авокадо жимсний байнгын хэрэглэгч.

Тийм ээ, авокадо нь бусад төрлийн жимснээс илүү амин дэм, эрдэс бодисыг агуулдаг учраас эрүүл мэндэд нэн тустай. Хэчнээн яарсан ч өглөөний цайгаа заавал уудаг.

ӨГЛӨӨ:

  •  Чанасан өндөг
  •  Шарсан талх, бэкон
  •  Десерт – Авокадо
  •  Ногоон цай

Маш их ачаалалтай ажилладаг болохоор хичээл сургууль, ажил гэсээр өдөр, оройн хоолны цаг алдагдах тохиолдол бий ч оройн хоолоо заавал 20:30-аас өмнө идэхийг хичээдэг.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу