Алдарт жүжигчин, өдгөө 65 настай Жеки Чан коронавирусын улмаас хөл хорионд орсон гэх яриа Хонконг даяар дэгдэж, шүтэн бишрэгчдийг нь сандаргаж байна.
Хонконгийн цагдаагийн газрын нэгэн үйл ажиллагаанд Жеки Чан оролцжээ. Гэтэл энэ үйл ажиллагаанд коронавирусын халдвар авсан хүмүүс байж таарчээ. Олон нийтийн сүлжээгээр Жеки Чан, мөн Эрик Цан, Алан Там нарын жүжигчид цагдаа нарын зохион байгуулсан энэ үдэшлэгт оролцсон нь илт байна. Хэдийгээр Хонконгт халдвар ихээр тархсан боловч энд ирсэн хүмүүсээс нэг нь маск зүүгээгүй нь олны дургүйцлийг төрүүлжээ.
Удалгүй цагдаагийн газрын бичлэгээр нэг цагдаа нь тэтгэвэртээ гарсныг тэмдэглэсэн уг үдэшлэгийн дараа 59 алба хаагч нь хөл хорионд орсныг дуулгасан аж. Дөрвөн цагдаа, түүнчлэн нэгийнх нь эхнэр, хадам ээжээс коронавирусын шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр халдвар авсан болох нь батлагджээ. Жеки Чаны олон фанат жүжигчнийг мөн адил хөл хорионд орсон байх вий гэж түгшиж байна.