ОХУ-ын шинэ Засгийн газрын гишүүд томилогдлоо

ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин энэ мягмар гаригт шинэ Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Харин үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталсан юм. Тэрээр өнгөрөгч даваа гаригт ОХУ-ын Ерөнхий прокуророор 14 жил ажилласан Юрий Чайкаг албан тушаалаас нь огцруулж, түүний оронд Мөрдөн байцаах комиссын дэд дарга Игорь Красновыг томилоод байсан юм.

Улс төр судлаачид болон Оросын ард түмний зүгээс Михайл Мишустины кабинет улс төрийн шинэ нүүр царай, шинэ үеийн улстөрчдөөс бүрдсэн цус сэлгэлтийн Засгийн газар байна гэсэн хүлээлт их байсан юм. Гэсэн ч Оросын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Дмитрий Медведевийн кабинетад ажиллаж байсан хэд хэдэн сайд нар өөрийн албан тушаал дээрээ үлджээ.

ОХУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд Сангийн сайд Антон Силуанов, Эрчим хүчний сайд Александр Новак, Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өмнөх албан тушаал дээрээ дахин томилогдсон юм.

Харин шинээр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаар Андрей Белоусов, Дотоод хэргийн сайдаар Владимир Колокольцев, Онцгой байдлын сайдаар Евгений Зиничев, Хууль зүйн сайдаар Александр Коновалов, Үйлдвэр, худалдааны сайдаар Денис Мантуров, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Максим Орешкин, Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Максим Топилин, Гэгээрлийн сайдаар Ольга Васильева, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Михаил Котюков, Тээврийн сайдаар Евгений Дитрих, Барилгын сайд Владимир Якушев, Экологи, байгаль хамгааллын сайдаар Дмитрий Кобылкин, Соёлын сайдаар Владимир Мединский, Спортын сайдаар Павел Колобков, Харилцаа холбооны сайдаар Константин Носков, Алс Дорнодын асуудал эрхэлсэн сайдаар Александр Козлов, Хойд Кавказын асуудал эрхэлсэн сайдаар Сергей Чеботарев нарыг томилсноор Ерөнхий сайд Михайл Мишустины Засгийн газар бүрдлээ.

ОХУ-ын шинэ Засгийн газар өчигдөр анхны хуралдааны хийсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Михайл Мишустин кабинетын гишүүддээ хандан “Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэн, амжилт хүсье. Та бүхэн Засгийн газарт ажиллах хугацаандаа цаг ямагт Ерөнхийлөгч болон ард түмний итгэлийг хөсөрдүүлэхгүй байхад үргэлж анхаарч, санаж явах хэрэгтэй. Ерөнхийлөгч та бүхэнд мөн ажлын амжилт хүссэн болохыг уламжилж байна. Өмнөх Засгийн газар том сорилтуудтай тулгарч байсан. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн макро эдийн засгийн тогтвортой нөхцөлийг бий болгохын тулд өмнөх Засгийн газрын эхлүүлсэн ажлыг төгөлдөржүүлэх нь бидний гол зорилго. Би та бүхнийг бүх хүчээ дайчлан, энэ зорилгынхоо төлөө шаргуу ажиллах болно гэж найдаж байна”  хэмээн хэлсэн байна.

TAGS: