БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас тус улсад дэгдээд буй шинэ төрлийн коронавирус мутац үүсдэг байж болзошгүй бөгөөд цааш тархах аюултай байгаа учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авах шаардлагатай талаар мэдээллээ.

Анагаах ухаанд урд өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй амьсгалын замын хурц халдварт “SARS” өвчинтэй төстэй уг шинэ төрлийн коронавирус нь анхны халдвар өнгөрөгч сард Хятадын Ухань хотод илэрсэн юм. Хамгийн сүүлийн мэдээгээр одоогоор уг өвчний 440 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн болохыг албаны эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд өвчний дэгдэлт одоогоор БНХАУ-ын хэд хэдэн муж, Тайланд болон Өмнөд Солонгос улсуудад тархаад байгаа аж. Шинэ төрлийн коронавирусын халдвараар нийт 9 хүн амь насаа алдаад буй.

Бээжингийн эрх баригчид уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийг хяналтдаа байлгах хамгийн эгзэгтэй үе шатан дээрээ ажиллаж байгааг хүлээн зөвшөөрсөн. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мягмар гаригт уг өвчин хүнээс хүнд халддаг болохыг олж тогтоосноо албан ёсоор зарласан юм.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны дэд сайд Ли Бин шинэ төрлийн коронавирусын дэгдэлт болон урьдчилан сэргийлэх зааварчилгааны талаар олон нийтэд хандаж хэлсэн анхны мэдэгдлүүддээ “Уг өвчин гол төлөв амьсгалын замаар халддаг гэх нотолгоо олдсон” гэж хэлж байв. Гэсэн ч тус улсын эрх баригчид одоог хүртэл вирусын эх сурвалжийг тодорхой болгож, баталж чадаагүй байгаа юм.

Харин тэрээр өнөөдөр “Хэдий эрдэмтэд өвчний халдвар дамжих замын талаар одоо хэр нь бүрэн ойлголттой болж чадаагүй байгаа ч уг вирус мутац үүсэх магадлалтай бөгөөд цаашид тархах эрсдэл улам өндөр болж байна” гэж анхаарууллаа.

Хятадын Цагаан сар тохиох үеэр иргэд хэдэн зуун саяар дотоодын хотуудад зорчиж, хэдэн зуун мянгаараа гаднын улсуудад аялдаг. Энэ нь уг ойлгомжгүй өвчин цаашид тархах эрсдэлийг бүр ч их нэмэгдүүлж байгаа нь тус улсын эрх баригчдын хувьд хамгийн ихээр санаа зовоосон асуудал болоод байгаа юм.

Энэ талаар Ли Бин “Иргэдийн уламжлалт Цагаан сарын баяр тэмдэглэх тогтсон заншил нь уг өвчний тархалтыг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх болон хяналт алдагдах эрсдэл үүсгэж буй. Тиймээс бидний зүгээс вирусийн тархалтыг хянах маш хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэжээ.

Одоогоор Хятадын Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг олон нийтийн газраар явахаас зайлсхийж, олноороо цуглахгүй байх, амьд шувуу, ан амьтан худалдан авахгүй байхыг анхааруулсаар байгаа юм.

Эх сурвалж: BBC

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу